УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2020-01-23 Парламент

Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гариг (2020.01.23)-ний нэгдсэн эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: Үүнд,

  1. Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  4. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  5. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  6. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  7. Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-гийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хаалттай/;
  8. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл багтсан юм.

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлуудыг хуулийн хугацаанд нь хэлэлцэх ёстой. Хууль ноцтой зөрчигдөөд байхад Их хурлын удирдлагууд ямар байдлаар хандаж байна? Яагаад хуулийг өөр өөрийнхөөрөө зөрчөөд байдаг юм бэ? гэж асуув.

УИХ-ын дэд дарга А.Энх-Амгалан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлдзүүлэх тухай асуудлыг эхлээд УИХ-ын Халдашгүй байлын дэд хороо, дараа нь Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, эцэст нь Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой. Халдашгүй байдлын хороо 48 цагийн хуулийн хугацаандаа асуудлыг эхэлсэн. Бүрэлдэхүүнийг бүрэн байхад энэ бичгийг өгөх ёстой гэсэн үндэслэл хэлж байгаа” гэж хариуллаа.

Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад хариулахдаа “Ёс зүйн дэд хорооны дүрмийг батлах эрх нь танд өөрт байгаа. Ирцээ бүрдүүлээд, дэд хорооны дүрмээ батлах ёстой. Ёс зүйн дүрэмтэй байна. Хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлах асуудлаар хэлэлцэх шийдвэрлэх боломжтой” гэв.

БАРААНЫ ТЭМДГИЙГ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

УИХ-ын гишүүд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Н.Учрал: -Оюуны өмчийг айлын шоовдор хүүхэд шиг үзээд өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийг төрөлжүүлэхэд хамгийн гол түлхэц болдог салбар. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд орж ирээд “Та нар манай оюуны өмчийг хамгаалж чадах уу?” гэж асуудаг. Энэ хууль эцсийн хэлэлцүүлгээр батлагдавал материаллаг бус баялгийг барьцаанд тавих, оюуны өмчийн мэргэжлийн үнэлгээчид бий болж, барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломж бүрдэнэ. Оюуны өмчийн биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод хийх боломжтой.

Б.Бат-Эрдэнэ: –Олон улсын гэрээ конвецтэй нэгдсэнтэй уялдан ямар хэмжээний зохион байгуулалт хийгдэх вэ? Миний шавь Өсөхжаргал олон улсад монгол нэртэй сунгалтын дасгалын төрөл бий болгосон. Дэлхийн 20 гаруй улсад уригдаад хчиээл заадаг, Монголд байгуулсан клуб дугуйланд нь хүмүүс хамрагдадаг. Гэвч оюуны өмч патентыг нь авч чаддаггүй юм байна.

Н.Учрал: -Манай улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүнээр элссэн. Гишүүн орны хувьд утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах конвенц, бүтээгдэхүүний ашигтай загвар, шинэ бүтээгдэхүүнийг баталгаажуулж буй Парисын хэлэлцээрт нэгдсэн орон гэдэг утгаар шинэ патент зөвшөөрөл баталгаажаад явдаг. Шинэ төрөл дасгал гаргаж байгаа бол тэр онцлогоо харуулсан бүтээлээ Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн газарт бүртгэлээд явах боломжтой. Дэлхийн оюуны өмчийн газраас “Танай улсын хоёр эрдэмтэг шинэ технологио явуулсан. Америкийн хоёр компаниас хөрөнгө оруулах хүсэлт ирүүлсэн. Монгол Улс инновацийн индексээр 14 байр урагшилсан. Танай төр засгийн удирдлагууд баярлаж байгаа  биз дээ гэсэн. Баярлаж байгаа гэсэн, энэ ч утгаараа хуулийг баталж өгч байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.