Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн оны байдлаар Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний 70 дээжинд шинжилгээ хийсэн. Шахмал түлшний 61, барьцалдуулагч 4, технологийн усанд 2, тортог бууруулагч технологийн усанд 1 удаа шинжилгээг хийсэн. Дотоод болон гадаадаас ирүүлсэн шинжилгээний хариунд шахмал түлшинд хүний эрүүл мэнд байгаль орчинд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй химийн элемэнт илрээгүй. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар түүхий нүүрстэй холбоотой 71 удаагийн зөрчил илрүүлж, 106.5 тонн нүүрсийг битүүмжилж түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өгсөн.” гэв. Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 180704 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж 50729 тонн түүхий нүүрсийг илрүүлж холбогдох албаныханд хүргэжээ.
Мөн энэ үеэр гэр хорооллын 220 мянган айл өрхөд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар ажиллаж байгаа талаараа хэлэв.