ТЭГЛЭВЭЛ Ч ТЭГЛЭГ

2020-01-2 Нийгэм


Дараа нь л та нарын тэтгэврийн зээлийг тэглэснээс болсон гэж буурлуудаа битгий гомдоогоорой!

Ядуурал, нийгмийн бухимдал ҮАБ-ын хэмжээнд хүрчихээд байхад гал унтраагчид өөр яах билээ. Харин ч настан буурлууд маань нэг удаа ч гэсэн магнай тэнийх нь. Арга барагдсан үрсдээ л аваад өгчих нь их. Нийгмийн эмзэг ядуу хэсэгт харин ч хүрэх биз.

Онолын хувьд улс оронд хамгийн наад зах нь улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй. 776 тэрбум тоглоом бишийг эрхбиш мэдэж буй биз. Өмнөх барьцаанаасаа гарах гэж бид чинь хэрдээ л мачийж явна.

САЛХИТЫН МѲНГѲ-ний ордыг буцааж авсан эх үүсвэрээс хувь хүртээж буй гэж сонсогдсон. Харин энэ бидний нухацтай ярилцах сэжүүр. БАЯЛАГТАА ЭЗЭН болж чадвал үр шим нь ирдэг гэдгийг энэ тэглэлт харуулж чадвал ТҮЛХҮҮР-ээ гартаа атгалаа л гэсэн үг.

Арабууд 30 жил барууныханд цооногуудаа алдаад гэрээ нь дуусч байж нэг юм улсын мэдэл, Хааны эрх хэмжээнд авч ирж нуруу тэнийсэн. Ялгаатай нь тэд аргагүйн эрхэнд колончлогчдод алдсан, харин манайх бол том нь томыг, жижиг нь жижгийг барьж гүйгээд гадаадынханд сохор зоосоор зараад халаасалсан. Офшорт ч бий.

Баялагаа ухаж зарахаас гадна боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож, ухах мөнгөө өөрсдөө босгож, валютын урсгалыг татаж байж хөгжинө гэдгийг мэддэг л баймаар, дорвитой хөдөлсөнгүй өдий хүрлээ. Монголын 40 гаруй уурхайн лицензээр гадаадынхан мөнгө босгож байна. Эргүүлээд биднийгээ ч өрөнд оруулчихаа мэдэх юм.

Уг нь Монголчууд өөрсдөө чадах л байсан шүү дээ гэж хашгирмаар. Гадаадынхан Монголоос ирж хувьцаа авахгүй л гэж битгий хэлээрэй. Баабар гуай хүртэл тэгэж нэг удаа андуурсан байдаг юм.

Монголын хөрөнгийн бирж дээр Оюу толгойн хувьцаа арилжигдах сургаар гадныхан өөрсдөө брокерийн пүүсээ байгуулж, манай арилжаанд оролцоод эхэлчихсэн байсан юм. Нийт арилжааны 90 хувь гадаадынх байлаа. Энэ хэдхэн жилд МХБ-ийн ТОП-20 индекс 503 хувь өсч, МХБ-д бүртгэлтэй бүх хувьцааны дундаж ханш 58,1 дахин өссөн байдаг юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 30 тэрбумаас 1,4 их наяд хүрч, ДНБ-ий 1,4 хувиас 21,2 хувьд хүрч, Блүүмбергээс дэлхийн хамгийн огцом өсөлттэй зах зээлийн шагнал авч, од болж байлаа. Нотолгоо нь энэ.

СЗХ, МХБ, ҮЦТТХТ, БДК-иуд бүгдээрээ шинэ бүтээлгээ дэвсэж, дүрэм журам, боловсон хүчин, программ хангамж, техник технологио шийдэж, Блүүмбергээр 5 секунд тутамд арилжааны мэдээллээ шууд дамжуулж, онлайн арилжааны систем нэвтрүүлж байлаа. Гэтэл хувьцаа биш, DR нь явахаар боллоо гээд яваа ч үгүй сураг тасарсан. Нөгөө хөрөнгө оруулалтын гэрээнд тэгээд заачихсан юм байх. Бусад нь ч тэдний замаар орсон. Би хүртэл энэ том үйл явцад бэлтгэж, гадаадад магистр хамгаалж, мэргэжлээ дээшлүүлээд иртэл удирдлагын багийг маань дэвшүүлэн зайлуулсан байлаа. Хэн нэгэнд муу ягаан байшин маань л хэрэг болсон бололтой.

Тэд ядаж л Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д зааснаар Монголын Бирж дээр хувьцааны 10-аас доошгүй хувийг арилжсан бол гэх харамсал одоо ч намайг чангаасаар. Бид чадах л байсан.

Дахиад нэг бод доо. 40 том уурхайн хувьцааны арилжаа! Хөрөнгийн зах төдийгүй арилжааны банкуудаар тэр их мѳнгѳ тогтмол эргэлдэнэ. Жинхэнэ тэсрэлт. Зардалгүй, хамгийн хямд эх үүсвэр. Хүүгүй асар их мөнгө! Өнөөдөр гадаадын л банк оруулахгүй бол гадаадын хөрөнгө орж ирэхгүй байна, Монгол банкаар ч дамжуулъя гэх. Учир энд огт биш байгаа биз!

Одоо ч боломж бий, бид чадна. Монголын хөрөнгийн захын мэргэжилтэнгүүд ажил мэргэжилдээ үнэнч хэвээрээ, хөгжлийн гарц болно гэсэн итгэлээ алдаагүй.

Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааны ноогдол ашгийг тараагаасай гэж үнэхээр хүсч байлаа. Тараавал ноогдол ашиг л тараадаг болоосой!!!

МОНГОЛ ХҮН ӨӨРТӨӨ, ИРЭЭДҮЙДЭЭ, БАС МОНГОЛЧУУДДАА ИТГЭХ ИТГЭЛЭЭ Л ХЭЗЭЭ Ч АЛДАЖ БОЛОХГҮЙ.

Магадгүй энэ ОЮУН САНААНЫ ТОМ ХУВЬСГАЛ байх!!!

С.Заяадэлгэр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.