Нийтийн тээврийн үзэмжийг сайжруулах аян эхэлжээ

2017-04-27 Нийслэл

Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зарласан.  Аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, стандартад хяналт тавих, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах юм.  Аяныг ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн зорчигч тээврийн үндсэн, хот орчмын чиглэлд үйлчилж буй бүх угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбус хамрагдах гэнэ. Хяналт, шалгалтыг гурван  үе шаттай явуулахаар төлөвлөжээ.

  1. MNS 5012:2011 улсын стандартын дагуу шалгаж, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллана.
  2. Илэрсэн зөрчлийг аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл бүрээр фото зургаар баримтжуулан, нийтийн тээврийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтанд мэдээлнэ.
  3. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгаагүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, дүрэм, журмыг үндэслэн захиргааны шийтгэл ногдуулна.

Шалгалтын явцын дүн мэдээг энэ сарын 28-ны өдөр урьдчилсан байдлаар, ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах аж ахуйн нэгж, байгууллагын шуурхай зөвлөгөөний хурал дээр тус тус танилцуулах юм.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.