Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгтэй 2020 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сан, Шилэн дансны тухай хуулийн талаар ярилцлаа.
-Ирэх оны төсөв хэтэрхий их улс төржсөн, сонгуульд зориулсан төсөв болсон гэдэг шүүмжлэл бий. 2020 оны төсвийн төсөлд аудитын байгууллага дүгнэлт хийсэн. Тэгэхээр ирэх оны төсвийн талаар та юу хэлэх вэ?
-Төрийн Аудитын байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу аравдугаар сарын 15-ны дотор төсөвт дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлсэн. Төсвийг УИХ-аар хэлэлцэх үед нь 2020 оны төсвийн онцлог ямар байсан гэдгийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийлнэ.
-Ерөнхийд нь дүгнэж хэлбэл сонгуульд зориулсан төсөв боллоо гэдэг асуудал харагдаж байгаа юу?
-Тэгэхээр төрийн аудитын байгууллагын 2020 оны төсвийн дүгнэлт бүрэн гарсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй байхад нь урьдчилж байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй юм.
-Жилийн жилд алдагдалтай төсөв баталдаг. Ирэх оны төсөв ч бас хоёр их наяд гаруй төгрөгийн алдагдалтай байгаа. Төсвийг алдагдалгүй төлөвлөж батлах талаар мэргэжлийн зөвлөмж өгсөн үү?
-Бид жил бүр л төсвийн төсөлд аудитын дүгнэлт хийж УИХ-ын чуулганаар хэлэлцэхээс өмнө хүргүүлдэг. Тэгвэл 2018 оны төсвийн төсөлд Төрийн Аудитын байгууллагын өгсөн дүгнэлтийг эргэн харая. Бүх мэдээлэл нь нээлттэй. Тэр үед улсын төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн. Цаашлаад ард түмний нуруун дээр нэлээд ачаалал үүрүүлсэн төсөв болсон. Түүхий эдийн боловсруулалт, тээвэрлэлт зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдээгүй байж орлого, зарлагаа хэтэрхий өндөр тооцоолжээ гэсэн аудитын дүгнэлт хийж байлаа. Ингээд төсөв задарч аудитын дүгнэлтийн дагуу хэлэлцэгдэн засагдаж байсан удаатай. Монгол Улсад маш их нөөц боломж байдаг. Үүнийгээ ашиглаад төлөвлөлтөө зөв хийж үрэлгэн байдлаа зогсоож тэр боломжоо ашиглах ёстой. Аудитын байгууллага энэ талаас нь байнга хардаг. 2020 оны төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед нь бид бас энэ асуудлыг ярина. Яагаад алдагдалтай батлав, хөрөнгө оруулалтууд хэрхэн нэмэгдэв, ямар эрсдэлүүд байна вэ гэдэг талаар Аудитын байгууллага байр сууриа илэрхийлнэ.
-Төсөв гаргахдаа алдаа гаргадаг өөр ямар асуудал байна вэ?
-Бид төсөв хийхдээ улсын хэмжээнд нэг зүйлийг байнга анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн үндсэн чиглэл өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж төлөвлөлт хийхдээ маш их алдаа гаргадаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хоорондын уялдаагүй нөхцөл үүнд нөлөөлдөг. Тэдний гаргасан төсөв Сангийн яаманд очиж нэгтгэхдээ тухайн жилийн төсөв, төлөвлөгөөнөөс хэтэрсэн төсөл арга хэмжээ төлөвлөдөг. Тухайн жилд орж ирсэн мөнгө болгоныг үрэх сонирхол Монгол Улсад байна. Тэгэхээр бид “Бүсээ чангалъя” гэж ярьдаг шигээ санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах нь чухал. Жилд төсөвт орж ирж байгаа боломжийн мөнгөө зөвхөн үр ашигтай хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнд зарцуулах ёстой. Нэн ялангуяа урсгал зардлуудыг багасгах талаар анхаарах шаардлагатай юм. Энэ талаар Төрийн Аудитын байгууллага байнга зөвлөмж өгч байгаа.
-Тэгэхээр 2020 оны төвсийн орлого бүрдэх бололцоо ямар байна гэж харж байгаа вэ?
-УИХ-аар 2020 оны төсвийг хэлэлцээгүй учраас тодорхой зүйл хэлэх бололцоогүй байна. Төсвийн сахилга батыг сайжруулах ОУВС-гийн зөвлөмжийг Засгийн газар сайн хэрэгжүүлж байна. Төрийн өмчит компаниуд харьцангуй ашигтай ажиллаж байна. Ийм үед 2020 оны төсвийг үрэлгэн биш, сонгуулийн жилд зориулаагүй үр ашигтай төсөл арга хэмжээнд зарцуулахаар баталж чадвал орлого биелэх бүрэн боломжтой.
-Тойргуудад ялгавартай хандлаа Ерөнхий сайдын Хэнтийн, Сангийн сайдын Увсын тойргуудад их хэмжээний мөнгө тавьсан гэдэг асуудал яригдаж байгаа шүү дээ?
-Үүнийг УИХ-ын чуулган дээр бүгдээрээ ярилцъя. 2020 оны төсөвт хийсэн аудитын тайланг хэлэлцэх үеэр нэг бүрчлэн ярилцаж болно.
-Гадаад өр жилээс жилд нэмэгдэж байгаа. Төсвийн алдагдалыг бонд аваад нөхдөг тал бий. Энэ байдалд Төрийн Аудитын байгууллага ямар дүгнэлт хийж байна вэ?
-Төрийн Аудитын байгууллага хуульд заасан чиг үүргийн дагуу Засгийн газрын өрийн тайланд тусгайлан дүгнэлт хийж танилцуулсан. Монгол Улс нэлээд хэмжээний өр төлөх хугацаа ойртсон. Тэгэхээр өрийн менежмэнт хийх шаардлага үүсч байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд өрийн менежмэнт сайн хийж ирсэн. Тухайлбал, өндөр хүүтэй гадаад бондуудыг бага хүүтэй бондоор солих ажил зохион байгуулсан. Гэхдээ аудитын байгууллагаас 2023 онд улсын төсөвт маш их ачаалал нэмэх өр төлнө шүү. Үүнд илүү сайн менежмэнт хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Аудитын байгууллагаас Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд онцгойлон анхааруулсан нэг зөвлөмж бий. Тэр нь Монгол Улсын нийт өрийг хэн хариуцах вэ гэдэг асуудал юм. Монголчууд бид өнөөдөр нийтээрээ мөнгө л олдож байвал авдаг сэтгэлгээ, хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй. Иргэн, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр, Засгийн газар бүгд нийлээд Монгол Улсын нийт өр болно. Энэ өр ийм өндөр түвшинд байхад биднийг дэлхий нийт яаж үнэлж дүгнэж харах вэ гэдэг асуудал бий. Энэ нийт өрийг өнөөдөр хэн хянах вэ гэдэг асуудлыг эзэнтэй болгохоор тавьсан. Үүнд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд анхаарлаа хандуулах зөвлөмж хүргүүлээд байна.
-Сангийн сайд Засгийн газрын нийт долоон их наяд төгрөгийн өр төлсөн гэж мэдэгдсэн. Гэтэл тэр өрийг барагдуулсан бол илэрхийлсэн тоо нь буурмаар юм. Гэтэл өр илэрхийлсэн тоо нь нэмэгдэж гараад байгаа шүү дээ?
-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өндөр хүүтэй өрийг бага хүүтэй өрөөр сольж байгаа юм. Тэгэхээр менежмэнт хийнэ гэж ярих нь зохимжтой. Хувь хүнээр бодож яривал Хадгаламж зээлийн хоршооноос авсан өндөр хүүтэй мөнгийг арилжааны банкны бага хүүтэй мөнгөөр сольсон гэсэн үг. Нөгөө талаас хугацаа нь дөхсөн өрийг урт хугацааны өрөөр солих арга хэмжээ авсан юм.
-Шилэн дансны тухай хууль орон нутагт хангалтгүй хэрэгжиж байна гэсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд Төрийн Аудитын байгууллага зургаа дахь дүгнэлтээ гаргаж байна. Энэ хууль Монгол Улсад өгөөжтэй гэж аудитын байгууллага үздэг. Олон байгууллага үйл ажиллагаагаа ил тод мэдээлдэг болсон. Гэхдээ сайжруулах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна. Иймд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд 50 хувьтай байгаа юм. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бий. Уг асуудлыг цэгцлэх шаардлагатай. Мөн Худалдан авах ажиллагааны тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн хоорондын нийцэл хангалтгүй байна. Энэ хоёр хуулийн нийцлийг хангуулах ёстой. Бас хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын нийцэл нь хоорондоо зөрсөн. Үүнээс шалтгаалж цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд хийдэл гарах эрсдэл үүсч байгаа юм. Тухайлбал, таван сая төгрөгөөс дээш гүйлгээг мэдээлэх хэрэгтэй гэхээр 20 сая төгрөгийн гүйлгээг задлаад бичих зөрчил гардаг. Тэгэхээр иймд хийдэл, цоорхойг засах шаардлага бий. Төсвийн байгууллагын 90 хувь нь Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байна.
-Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт ямар хэмжээнд байна вэ?
-Энэ санд хэд хэдэн зүйлд анхаарах шаардлага бас бий. Ялангуяа, Монгол Улсын засаг захиргааны тогтолцоо, газар зүйн байршилд анхаарах хэрэгтэй. Энэ санд улсын төсвөөс 123 тэрбум төгрөг хуваарилна гэдэг нь маш их мөнгө. Гэвч аймаг сум, багийн бүтээн байгуулалтад хуваахад багаддаг. Иймд энэ хуулийн тогтолцоогоор явах нь зөв юм уу. Үүнд багц дүгнэлт хийгээч ээ гэсэн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байна. Мөн зөрчлүүд давтагдан гарсаар байгаа. Жишээ нь Орон нутгийн хөгжлийн сан төлөвлөлт хийхдээ иргэдээс санал авах ёстой. Гэтэл манай сум, багт ямар бүтээн байгуулалт хийх вэ гэсэн санал асуулга хангалттай хийдэггүй. Иргэд мэдээлэлгүй учраас тэдний хүссэн төсөл арга хэмжээ орон нутагт хэрэгжихгүй байх асуудал гарч байгаа юм. Нөгөө талаас Сум хөгжүүлэх санд ихээхэн зөрчил илэрсэн. Орон нутгийн хөгжлийн санд төсвөөс мөнгө өгдөг. Харин энэ сандаа орлого төвлөрүүлэх асуудал орхигдож байна. Тухайлбал, 2018 онд орлого төвлөрүүлэх ажил буурсан үзүүлэлт гарсан. Тэгэхээр орон нутгийн удирдлагууд төсвөөс дэмжлэг аваад суух биш өөрсдөө орлогоо бүрдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байгаа.
-Тэгэхээр гарсан зөрчлүүдийн араас хуулийн байгууллагатай хамтран ажиллах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Алдаа, зөрчил гэсэн хоёр асуудал байдаг. Аудитын явцад зарим засч болох алдааг засдаг. Гарсан зөрчлийг нь мэдээлдэг. Улсын төсөвт хохирол учруулсан, төлөх шаардлагатай, шамшигдуулах явдал гарсан байна гэвэл хууль хяналтын хандах, эсвэл акт тогтоож улсын төсөвт буцааж төвлөрүүлэх арга хэмжээ авдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн албан тушаалтнууд хоёр аймагт гарсан.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.