Иргэдийн хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна

2019-10-7 Нийслэл
Иргэдийн хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны  дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ “2019 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд иргэд хүнд, хөнгөн хордсон, амь насаа алдсан  мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажиллалаа. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Үүнээс одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэн байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагуудаас жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох зэрэг тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагыг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх  зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу иргэд хийнд хордсон байж болзошгүй тохиолдлыг ямар шалтгаантай үүссэн бэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Дөовөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа. Шалгалтын дүн  дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө” гэв.

Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, 1 хувь нь шохой, 1 хувь нь бэхжүүлэгч байдаг байна. 2.5 хувийг эзэлж буй барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг. Орж ирсэн цагаас эхлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шинжилгээнд хамрагдсан байдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна” гэлээ.

Нийслэлийн онцгой комиссын зүгээс шинжилгээнд өгсөн дээжийн хариу гармагц тухай бүрд нь олон нийтэд дараагийн мэдээллийг хүргэхээ илэрхийллээ.

 

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.