Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг танилцуулжээ

2019-09-27 Нийслэл

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг танилцуулжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаан өчигдөр болж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлыг хэлэлцжээ. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хийсэн байна. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусч байгаа бөгөөд биелэлтийг 29 хувьтай хэмээн дүгнэсэн байна. Биелэлтийн хувь тааруу байгаа нь төлөвлөлт муу, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байгаа аж.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний концепцод тусгаснаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл тогтвортой, цогц, хүртээмжтэй ухаалаг, хэмнэлттэй, дасан зохицох, идэвхтэй хөгжлийн үзэл баримтлалуудаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ урт, дунд, богино хугацаанд, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хот болгох хэмээн алсын хараагаа тодорхойлсон гэдгийг Хотын захирагч онцолжээ.

Нийслэл хот нь 2020 оны байдлаар сорилтууд тулгарсан хот байгаа хэмээн үзсэн бол 2040 онд амьдралын таатай орчин бүрдсэн хот болон хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хот 2040 онд 532.000 га талбай, 2.2 сая хүн амтай, оновчтой газар ашиглалт, зохион байгуулалттай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой зам тээврийн дэд бүтцээр холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй төрөлжин хөгжсөн, дагуул хот тосгод бүхий цогц хот болгон хөгжүүлнэ хэмээн тусгасан байна. Хурдны авто зам, шинэ төмөр зам, Аргалант-Эмээлт, Аэросити, Налайхад логистикийн төвүүдийг шинээр байгуулснаар ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотоос гаргаж, төвлөрлийг сааруулж хэмээн тооцсон байна.

Инженерийн дэд бүтцийн хангамжийн 70 хувийг төвлөрсөн, 30 хувийг хэсэгчилсэн бие даасан шугам сүлжээнээс хангах аж. Хүн ам нь сайжруулсан сууц болон барилгажсан хэсэгт амьдрах бол гэр хорооллын үер усны эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа өрхүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах замаар газрыг чөлөөлж, ногоон бүс болгон хөгжүүлэх юм.

Хөгжлийн зургаан стартеги, стратегийн 22 зорилго, хэрэгжүүлэх 69 арга хэмжээг тусгажээ. Хөгжлийн зургаан стратегийг тодорхойлж байгаа бөгөөд үүнд Байгаль, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй хот, Суурьшлын оновчтой тогтолцоо, орон зайн бүтэцтэй хот, Амьдралын орчин, тэгш хүртээмжтэй хот, Нөөцийг ариг гамтай, үр дүнтэй ашигласан, ухаалаг хот, Байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хот, Даяарчлалын эрин үетэй хөл зэрэгцэн хөгжих идэвхтэй хот байна хэмээн тусгажээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.