Чуулганы танхимаас
Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авав. Дараагаар нь Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг гишүүн Б.Баатарбилэг танилцуулсан юм. Уг хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой гишүүд үг хэлж, асуулт тавилаа. Уг хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан, тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмжээ. Учир нь үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, тодорхой хугацаанд цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй юм. Мөн аман гэрээ байгуулсан ажилтан цалин хөлсөө авч чаддаггүй байдал газар авсныг олон нийт мэднэ. Түүнээс гадна хариуцлагын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний нэг хувийг ажилтанд өгөөгүй зөрчил гаргасан албан тушаалтныг 500 мянгаас нэг сая төгрөгөөр, албан байгууллагыг 5-10 сая төгрөгөөр торгох тухай хуулийн төсөлд тусгасан байна. Тиймээс дээрх асуудлыг зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ.
Хэрвээ ажил олгогч гэрээ хийгээгүй, цалинг олгоогүй тохиолдолд торгох торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгасан байна. Гишүүд ажил олгогчдод тавьсан торгуулийн хэмжээг өндөр тусгасан байна хэмээн шүүмжилж байлаа. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Сая чуулган завсарлах үеэр иргэдтэй уулзахад энэ хуулийг дэмжиж байсан. Ажил эрхлэгчийг торгох заалт оруулсан байна. Таваас арван сая төгрөгийн хэмжээтэй торгууль байна. Өмнө нь байсан торгуулийн хэмжээг ямар үндэслэлээр нэмээд оруулаад ирж байгаа юм бэ?
Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Хуулийн гол амин сүнс нь хоёр сар, гурван сар туршилтын хугацаанд ажиллуулчхаад цалин өгөхгүй байгааг залруулах юм. Тиймээс туршилт хийлгэж ажиллуулж байгаа хүнд цалин өгөх шаардлага тавьж байгаа юм. Торгуулийн хэмжээ өндөр байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Зөрчлийн тухай хуулиар процент нь багасаад явна.
УИХ-ын гишүүн О.Батнасан:
-Монгол Улсад хөдөлмөрийн асуудлыг зохицуулж байгаа ганцхан хууль бий. Туршилтын хугацаан дээр нэлээд асуудал гардаг. Зарим газар нь аман хэлбэрээр гэрээ байгуулчхаад ажиллуулаад байдаг. Туршилтын хугацаа зургаан сар байсныг гурван сар болгож байгаа юм байна. Үүнийг 1-3 сар болгож болохгүй юу. Жишээ нь барилга дээр гурван сар ажиллачхаад “за баяртай таны туршилтын хугацаа дууслаа” гээд явуулдаг. Тиймээс хугацааг нь уян болгох хэрэгтэй.
Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Туршилтын зургаан сарын хугацааг гурван сар хүртэл гэж оруулсан. Хүртэл гэдэг нь нэг өдрөөс гурван сарын хугацааг хэлж байгаа юм. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош болгохгүй байхаар хуульчилж өгсөн.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Монгол Улсад хөдөлмөрийн насны 1 сая 200 мянган хүн байхад талыг нь татвар төлөгчийн мөнгөөр цалинжуулаад төрийн албан хаагч болгочхоод байж байгаа. Нийт аж ахуй нэгжийн 50 хувь нь хаалгаа барьчихсан байж байна. Гэтэл бид хувийн хэвшлийг торгоно, чангална гэдэг асуудлыг ярих юм. Хувийн хэвшлээ дэмжих, “чөмөг суулгах” тал дээр анхаармаар байна. Хувийн хэвшлийг чангалах юм хийгээд байх юм бол цаашид ажиллах сонирхол төрөхгүй.
Хариулт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:
-Д.Дамба-Очир гишүүний санаачилсан хуульд бол Хөдөлмөрийн тухай хууль дээр хэдэн заалт шинэчлэх зорилгоор оруулж ирсэн. Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийг боловсруулж байгаа. Тавдугаар сарын 10-нд хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн төсөл нь аудит болон холбогдох мэргэжлийн байгууллагаар шүүгдсэн үү. Сүүлийн үед батлагдаж байгаа хууль мэргэжлийн бус, мэргэжлийн байгууллагаар шүүгдээгүй байгаа зүйл ажиглагдаж байна?
УИХ-ын гишүүн М.Билэгт: Өнөөдөр хувийн хэвшлийнхэн төрийн данхар бүтцээ дийлэхгүй болж байгаа. Монгол Улс 3 сая хүн амтай, маш их баялагтай. Гэтэл хувийн хэвшил дээр ачаалал ирдэг. Хувийн хэвшил цалингаа тавьж чадахгүй, өдөр хоногоо өнгөрүүлж байгаа.
Хариулт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-М.Билэгт гишүүнийг ойлгож байна. Би ч гэсэн нэг компанитай. Манай компани 1000 гаруй хүнтэй. Гэхдээ Хөдөлмөрийн хуульд заасан туршилтын хугацаа, цагийн ажлын асуудлыг зохицуулж өгөхгүй бол болохгүй байгаа юм. Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, холбогдох яам, мэргэжлийн хуульчид энэ хуулийг боловсруулахад оролцсон. Амьдралд маргаан дагуулахааргүй зөв хууль гаргая гэдэг байдлаар хандсан. Товчхондоо ажилд орох гэж байгаа хүний харилцааг бүхэлд нь зохицуулж өгч байгаа гэж хэлж болно.
Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
С.Гэрэлсүх
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.