Монгол Улсын Засгийн газар Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна
Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган өнөөдөр Төрийн ордны А танхимд болов.
Чуулганд 16 орны удирдах түвшний 36 төлөөлөгч “ЖДҮ бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг” сэдвийн дор чууллаа. Чуулганыг зохион байгуулагч МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлэхдээ “Өнөөдрийн манай даяаршсан нийгэмд дижитал технологи түрснээр дэлхий улам хурдтай хөгжин өөрчлөгдөж байна. Энэ хувьсал нь бизнес эрхлэгчдийг газар сайгүй өрсөлдөх, илүү бүтээмж, үр өгөөжтэй байх, шинэ хэрэглэгчдэд хүрэх боломжийг олгож байна.
Дээрх үйл явц нь жижиг, том бизнесийн аль алинд нь инноваци, сошиал маркетинг, технологийн дэвшлийг авчирч, үр өгөөж гарч байгаа ч ЖДҮ эрхлэгч бизнесүүдэд мэдлэг, туршлага, хөрөнгө санхүү дутмаг хэвээр, шинэ сорилтыг дагуулж байна. Энэ талаар бид туршлагаа солилцон хуваалцаж, жижиг худалдааг дэмжих талаар саналаа хэлэлцэхээр цуглаад байна” гэдгийг тэмдэглэн хэлэв.
Энэ удаагийн форум “Олон улсын түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо” гэсэн сэдвийн дор болж байгаа нь манай улсын үйлдвэрлэгчид олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар харилцан туршлага солилцож, тодорхой санал, санаачилга, үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
Эдийн засгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо чухал юм.
Бидний хувьд бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлтийн асуудал, зохицуулалтын орчин бий болгох нь чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
Мөн бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцүүлж, батлахыг эрмэлзэж байна.
Үүний зэрэгцээ зөв зүйтэй технологи сонгох, нутагшуулах, норм нормативыг нийцүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна.
Монгол Улсад 2018 оны байдлаар бүртгэлтэй 78,585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 60,330 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна. Улсын хэмжээнд энэ салбарт 78.3 хувь буюу нэг сая орчим хүн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас эдгээр бизнес эрхлэгчиддээ зарим тусгай сан болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож, бизнесийн үйл ажиллагаанд нь бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Монгол Улс гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцад идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно.
Энэ хүрээнд форумын хэлэлцүүлгийн үеэр олон улс болон бүс нутгийн бодлогыг уялдуулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой, ач холбогдол бүхий арга хэмжээ, төслийн талаар Та бүхнээс тодорхой бүтээлч санал, санаачилгуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нийлүүлэх, таниулахад нь бүх талаар бодлогын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ дахин илэрхийлье” гэв.
Чуулганд Япон, Индонез, Филиппин, Тайланд, БНХАУ, Сингапур, Малайз зэрэг орны гадаад, дотоод худалдааг дэмжих байгууллагууд, худалдааны яамны төлөөлөл оролцож байна.
Хуралдааныг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (Жетро)-ын тэргүүн Нобухико Сасаки МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар даргалан явуулж байна. Чуулганы эхний илтгэлийг чуулганыг хамтран зохион байгуулагч ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В. Энхболд “Ази дахь худалдааны хөнгөлөлт болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр тавилаа. Түүнчлэн төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзаж, бүс нутгийн хэмжээнд Азийн худалдааг хөнгөвчлөх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртөгийн сүлжээнд хэрхэн хамруулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уг чуулганд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн тавьсан илтгэлд “жижиг дунд бизнес нь дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж байгаа орнуудын эдийн засагт голлох үүрэгтэй. Дэлхийн банкны гаргасан мэдээллээс үзвэл, хөгжиж байгаа орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хүртэл хувь, нийт ажил эрхлэлтийн 60 хүртэл хувийг жижиг дунд бизнес эзэлж байгаа бол Азийн орнуудын хувьд ДНБ-ний 30 -53 хувь, ажлын байрны 5-97 хувь, экспортын 10-30 хувийг эзэлж байна. Монгол улсын хувьд 2018 оны байдлаар энэ нь ДНБ-ний 17.8 хувь, нийт ажлын байрны 67 хувь, экспортын 2.3 хувь болж байгаа бөгөөд жижиг дунд бизнес нь хот хөдөөгийн иргэдийн, түүний дотор эмэгтэйчүүдийн орлогын эх үүсвэрт голлох хувь нэмрийг оруулдаг” хэмээн дурдагдсан нь чуулганд оролцогчдын сонирхлыг татаж байлаа.
Дашрамд дуулгахад, Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулганы арга хэмжээ маргааш үргэлжилнэ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.