Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцав.
Сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, түгээлтийн танилцуулгыг “Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хүргэлээ. Тэрбээр “Таван толгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 160 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Сайжруулсан түлшний гол түүхий эд болох Ухаа худгийн илчлэг өндөртэй угааж боловсруулсан нүүрс буюу мепдингийг 500 гаруй мянган тонныг нөөцөлсөн. Түлшний борлуулалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Таван толгой түлш” ХХК хамтран хийж байна. Нийслэлийн хэмжээнд 500 гаруй цэгээр сайжруулсан түлшийг борлуулна. Үүнээс Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо УБТЗ-ын Амгалан өртөөний ачиж, буулгах хэсэгт зүүн бүсийг түлшээр хангах хангамжийн бааз байх бол Дөлгөөн нуурын ард Сүхбаатар дүүргийг түлшээр хангах хангамжийн баазыг байгуулсан. Сонгинохайрхан дүүргийг үйлдвэрийн хашаан дахь нөөцөөс ханган ажиллана” хэмээлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ард иргэдийн 10 жилийн дундаж хэрэглээний төвшингөөр авч үзвэл хоёр сарын түлшний нөөцтэй байна. Нүүрс хомсдоно гэсэн элдэв мэдээлэлд ард иргэдийг битгий автаасай гэдгийг энд онцолж хэлье. Энэ нөөцийг есдүгээр сарын 1 гэхэд Улаанбаатар хотод байгаа борлуулалтын 504 цэгүүдэд хүргэх ажил өнөөдрөөс эхэллээ. Нэг борлуулалтын цэг 400 өрхийг хариуцаж сайн түлшээр хангана. Өнөөдөр 230 гаруй хүн гэрээгээ хийгээд сургалтандаа хамрагдахад бэлэн болсон байна. “Сайн” түлш хэрэглэхэд гарах хүндрэл гэвэл хэрэглэгчид хэрэглэж дадах асуудал юм. Шинэ зүйлийг хэрэглэж эхэлж байгаа анхны жил учраас бүгд хүлээцтэй хандан хэрэглээсэй гэж хүсч байна. Мөн гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийхийг иргэддээ уриалья” гэв.
Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40-ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз-дундын хангамжийн төв-гэрээт борлуулагч гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой. Хэрэглэгчдэд карт тарааснаар борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсэхгүй, хэрэглэгчдэд хүртээмжтэй байна. “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийнхан энэ үеэр онцлон хэлж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ, дүрэм, журам гээд Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх ажилд айл өрх, иргэн, аж ахуйн нэгж бүр оролцож байж бид агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэнэ. Тийм учраас бид иргэддээ энэ талаарх мэдээллийг өгөх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг нь хүргүүлэх ажлаа цаашид эрчимжүүлэх шаардлагатай” хэмээлээ.
Сайжруулсан шахмал түлшийг борлуулах 504 цэгт борлуулагчаар ажиллах иргэдтэй гэрээ байгуулж эхэллээ
Дараа нь холбогдох албаны төлөөллүүд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайжруулсан шахмал түлшний дундын хангамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшийг борлуулах 504 цэгт борлуулагчаар ажиллах хүсэлтэй иргэдтэй “Таван толгой түлш” ХХК хамтран ажиллах гэрээ байгуулав.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль, 215 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилгын уурын зууханд утаа бууруулагч шүүлтүүр суурилуулсан нь ямар үр дүнтэй байгааг очиж үзсэн юм. “Утаа бууруулагч шүүлтүүрийг 100 кВ дээш хүчин чадалтай 290 зууханд тавьж байна. Өнөөдрийн байдлаар 32-ыг иж бүрэн суурилуулсан. Есдүгээр сарын 15-наас өмнө үлдсэн бүгдийг нь суурилуулахаар компаниуд нь ажилдаа орсон байна” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87371
30439
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.