НИТХ-ын ээлжит 26-р хуралдаанаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Ирэх өвлийг угтан нийслэлд нийт 1311 ажил төлөвлөжээ. Үүнээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дулааны төв шугмын зуны их засварын ажлыг хийж байгаагаас 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дөрвөн байршилд 5112 км дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна. Энэ ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаааг хуралдаанаар танилцууллаа.
Мөн Орон сууц нийтийн аж ахуйн газрын хөрөнгөөр орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээ шинэчлэн солих ажлыг нийслэлд нийт 10 байршилд хийж байна. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гарч нийт 41 сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухны үйл ажиллагаатай танилцсан байна.
Улмаар ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийн хүрээнд 18 сурууль, цэцэрлэг болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын 101 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад утаа шүүгч фильтер суурилуулах саналыг БОАЖЯ-нд хүргүүлээд байна. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төлөвлөгөөнд бага, дунд оврын хаалтын 1110 ширхэг зууханд утаа шүүгч фильтер суурилуулахад зориулж 10 тэрбум төгрөгийг тусгажээ.
Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир, “Багануурын нүүрсний уурхай болон ДЦС-ыг шинэчлэх, дэвшилтэт техник, технологиор хангахад онцгой анхаарч ажиллахгүй бол нийслэл хотын дулааны галыг манаж байгаа газрыг орхигдуулж болохгүй” хэмээн анхааруулж байлаа. Үүнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хариулахдаа, “Засгийн газрын хуралдаанаар Багануурын ДЦС-ыг өргөтгөн шинэчлэх талаар ярьж, ажил хэрэг болгох талаар холбогдох газруудад үүрэг өгөөд байгаа” гэсэн юм.
Хуралдаанд хотын захирагч С.Амарсайханы танилцуулснаар өнгөрсөн 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарчээ. Нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелснээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелжээ. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хувиарлах орлого 100 хувь төвлөрөөд байна гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.