Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулга, “Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” болон “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв.
“Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийлээ. Тэрбээр “2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хангалттай сайн биелүүлсэн гэж үзсэн. Цахилгаан, дулаан, дэд бүтэц зэрэг чиглэлээр ажилладаг чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтраад тайлант хугацаанд нийт 1231 ажил, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсэн. Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа дошин үүссэний улмаас айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнийг цаг тухайд нь шийдвэрлэж, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай хамтран ажиллаж, 8880 тн ус соруулан, 17406 тн мөсийг зөөвөрлөсөн. Нийт 28 инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварласан. Дулаан хангамжийн чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн нь өнөтэй өвөлжихөд эерэг нөлөө үзүүллээ” хэмээлээ. Мөн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 1311 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, УБДС ТӨХК-ийн дулааны төв шугамын зуны их засварын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн байршилд 5.112 км дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэж танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчдөөс хэд хэдэн санал гарсан юм. НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэлийн иргэдийг тав тухтай өвөлжихөд бүх боломжоо дайчлан ажиллах”-ыг холбогдох албаны хүмүүст даалгав.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” батлах, “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” байв.
Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарсан. Нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелсэнээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн дүнтэй байна. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилах орлого нь 100 хувь төвлөрсөн байна. Нийслэлийн 2018 оны төсвийн нийт зарлага нэг их наяд 182.3 тэрбум төгрөг. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардлын төлөвлөгөөг 778 сая төгрөгөөр баталж, 715.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тусгай шилжүүлгийн төсвийн байгууллагуудын нийт зарлагын төлөвлөгөөг 364.2 тэрбум төгрөгөөр баталж, 357.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Нийт зарлагын 996.8 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 285.5 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулсан” хэмээлээ.
Уг асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа ажлын чанар, үр өгөөжид анхаарах шаардлага байгааг хэлсэн. Мөн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлын чанар, насжилтад анхаарахгүй бол үргүй зардал болж, нийслэл хотын өнгө үзэмж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг ч төлөөлөгчид саналдаа хэлж байлаа.
Хуралдааны төгсгөлд өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг баталж, энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлан гаргалаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.