Ногоон байгууламжийн усалгаанд саарал ус ашиглаж байна

2017-04-19 Нийслэл

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь энэ сарын эхээр Ногоон байгууламжуудын арчилгаа, модны хэлбэржүүлэлт, тайралт, усалгааны ажлаа эхлүүлсэн билээ. Ногоон байгууламжийн талбайг услахад өдөрт 700 тонн ус зарцуулдаг. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд гүний усыг хэмнэж, стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаандаа ашиглаж эхэллээ. Одоогийн байдлаар АПУ болон М-Си-Эс Кока Кола компанитай гэрээ байгуулан ус ундааны үйлдвэрээс нь гарч буй усыг хэрэглэж байна. АПУ компаниас авсан усаар хотын төв, М-Си-Эс Кока Кола компаниас авсан усаар хотын зүүн бүсийн ногоон байгууламжийг усалж байна. Харин ногоон байгууламжийн усалгааны систем байхгүй, цэвэршүүлсэн усыг машинаар зөөх учир хотын баруун хэсгийн ногоон байгууламжийг саарал усаар услах боломж хомс байгаа юм. Иймд  саарал ус нийлүүлэх хүсэлтэй компаниудтай хамтран ажиллахад бэлэн байгаа аж.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.