Энэ жил 16 мянган сурагч ЭЕШ өгнө

2019-06-5 Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Сурагчдын хувьд энэхүү шалгалт нь амьдралынхаа хамгийн том алхамыг хийж, цаашид ямар мэргэжилтэй хүн болох нь тодорхойлогдоно. Энэ жил улсын хэмжээнд 16 мянган сурагч ЕБС-ийн 12 дугаар анги төгсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь өмнөх жилүүдээс хамаагүй цөөхөн сурагч тус шалгалтад орж байгааг салбарын яамнаас тодруулж буй юм. Тэгэхээр өмнөх жилүүдэд дунджаар 40 мянга орчим сурагч өгдөг байсан аж. Тиймээс мэргэжилтнүүд шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгийг хэлж байна.

Өнөөдрийн байдлаар Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-тай холбоотой шалгуулагчдадаа зориулсан бүх зөвлөгөө, мэдээллийг холбогдох мэдээллийн сайтад байршуулсан юм. Тиймээс шалгуулагчид тавдугаар сарын 20-ноос хойш суудлын хуваариа хэвлэж, авахад бэлэн болжээ. Хамгийн гол нь шалгуулагчид ЭЕШ-ын цагаасаа хоцорч болохгүй гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна. Мөн энэ жил улсын хэмжээнд 34 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний 10 шалгалтын төв нийслэлд байрлаж буй.

Энэ жилийн бас нэгэн онцлог нь шалгуулагч нь шалгалтаа өгч дуусаад шууд тэр даруйдаа дүнгээ харна. Мөн шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг шууд харах боломжтой юм байна.

Ер нь ЭЕШ-ын нийт ирц улсын хэмжээнд 96 хувиас дээш байсаар иржээ. Харин үлдсэн дөрвөн хувьд зөвхөн шалгалтаасаа хоцорсон хүүхдээс гадна ямар нэгэн хүндэтгэх шалтгаан гарсан, өвчтэй эсвэл шалгалт өгөх шаардлагагүй хүүхдүүд байдаг аж. Өнгөрөгч онд ЭЕШ-ын ирц улсын хэмжээнд 98 орчим хувьтай байжээ.

Тэгэхээр энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи юм. Боловсролын үнэлгээний төвд уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс нийт 50 машин авч өгчээ. Шууд засалтын машин нь цагт 2500 уншдаг байна. 

Түүнчлэн уншсан материал болгоныг хэвлэж, нууцлалын баганан кодыг унших гэнэ. Энэ машины программ хангамжийг монгол залуус хийсэн болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Тэгэхээр ЭЕШ өгөх шалгалтын байрны тухайд, Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23-р сургуулиудад ЭЕШ өгөх юм байна.

Харин орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарчээ. Архангай аймагт “Хүмүүн” цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт гуравдугаар сургуульд, Баянхонгор аймагт “Номгон” цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт “Оюуны ирээдүй”, Дундговь аймагт “Эрдмийн далай” цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт дөрөвдүгээр сургуульд, Хөвсгөл аймагт “Ирээдүй 21-р зуун” сургуульд, Багануур “Гүнгалуутай” цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн нэгдүгээр сургуульд ЭЕШ өгөх тов гарчээ.

ЭЕШ ӨГӨХӨӨР ИРЭХДЭЭ ЮУГ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:
Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт/
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь /хэвлэмэл байдлаар/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгуулагчдын хувьд урт хугацааны турш маш сайн бэлдсэн ч зарим нэг бэлтгэлгүй байдлаас болж алдаа гаргаж, урт хугацааны хөдөлмөрөө талаар болгох тохиолдол бий. Шалгуулагчдын гаргадаг зонхилох алдаа болоод, бэлтгэлээ хэрхэн хангах ёстой талаарх зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
Их хэмжээний шингэн уухгүй байх
Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.