Хууль бусаар эзэмшиж буй газрын зөвшөөрлийг цуцалж эхлэв

2019-06-3 Нийслэл

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч  Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар “Найрамдал” зусланд ажиллаж, зарим шийдвэрийг гаргалаа.

НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г “Найрамдал” цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байна. Үүнээс одоогоор барилга, байгууламж бариагүй байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэр  гаргалаа. Цаашид үлдсэн  аж ахуйн нэгжийн мэдээлэл, газрын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг гаргаж, яаралтай танилцуулахыг Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан “Найрамдал зусланд үлдсэн 1220 га газраас иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд өгсөөр байгаа нь цогцолборын үйл ажиллагаа доголдох, хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг өнөөдөр цуцлах шийдвэр гаргалаа. Энд үүссэн газар олголтын хууль бус нөхцөл байдлын улмаас бидний ганц урдаа барьдаг олон улсын хүүхдийн Найрамдал  зусланд хүүхдийн аюулгүй байдал, ая тухтай орчин гэж ярих боломжгүй  болсон байна. Гэхдээ бид туйлширч болохгүй. Баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг шууд буруутгахгүйгээр эхлээд хууль бусаар энэ газрын зөвшөөрлийг олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь зүйтэй” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.