Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 61 гудамж талбайг хамруулан нийт 318 га талбайд тохижилтын ажил хийх төслийг танилцуулж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн зардлыг НИТХ-аар хэлэлцэн батлах юм. Тохижилтын ажлыг Нарны замаас хойш Их тойруугийн гудамж доторхи хотын гол гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамж, зам талбай бүхий газруудад хийхээр төлөвлөсөн байна.Энэхүү төслийг боловсруулахдаа, Их тойруу доторхи гудамж талбайг зургаан зэрэглэлд ангилан төлөвлөжээ. Ингэхдээ зэрэглэл тус бүрийн зам, ногоон байгууламж, хашаа хайс, гэрэлтүүлэг барилга, хаяг, сурталчилгаа болон бусад бүрдэл хэсэг бүрт тавигдах шаардлагыг нарийн зааж өгсөн байна. Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлийн тохижилтод их тойруу, бага тойруу болон бусад өргөн чөлөөнүүд багтсан байна. Энэ хэсгийн тохижилтын ажлын цэвэр талбай нь 44,7 га байгаагаас явган зам 29,3 га, дугуйн зам 9,9 га, ногоон байгууламж 5,5 га талбай байгаа юм байна. Энэ хэсэгт 10 гүүрэн гарц, 6 нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Харин 2 дугаар зэрэглэлийн тохижилтод хотын чанартай гол гудамжууд багтсан бөгөөд 12,2 га нь явган зам, 2,9 га талбайд дугуйн зам, 4,8 га талбайд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Их тойруугийн хэмжээнд зургаан байршилд газар доорх нүхэн гарц, 13 байршилд явган зорчигчийн гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Их тойруу доторхи гудамж талбайн тохижилтын эскиз зургийг та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.