Ажил олгогчдод юу сөргөөр нөлөөлж байна вэ

2019-04-25 Нийгэм

Ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдийн олон талт харилцааг зохицуулсан гол хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэхээр холбогдох шатанд хэлэлцэж байна. Тус хуулийн шинэчлэн найруулсан төсөл нь ажил олгогчид ямар нөлөө үзүүлж байгаа талаар ХЭН ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

ЖҮР-ҮР компанийн захирал Б.Мөнхзул:

– Компаниудаас тусламж дэмжлэг их хүсдэг. Гэхдээ компанийн бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмждэг. Хүмүүст хэрэгтэй, бодитой ажил бол бид аль болох дэмжээд явдаг. Үүнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх мөнгөнөөс хасч тооцож өгөөч ээ.

Өнгөрсөн жилд л гэхэд бид 14 сая гөруй төгрөгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг болгон зарцуулсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн санд төлсөн мөнгөнөөс ч илүү үр өгөөжийг нь мэдрээд хийсэн зүйл.

Энержи ресурс ХХК-ийн хүний нөөцийн менежер П.Цэцэгмаа:

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 62.3-д ажилд эргүүлэн тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэлх хугацааны цалин, нөхөн олговрыг олгоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсан хугацаа, түүнээс хойшхи шийдвэр гүйцэтгэх хүртэлх хугацаа гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна. Шүүхээс тогтоогдсон хугацаагаар байх нь зүйтэй. Мөн 62.5-д эрүүл мэндийн магадлагаатай хүнд цалин олгоно гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй.

Түүнчлэн ажилдаа ирж очих хугацааг ажлын өдөрт тооцно гэжээ. Манай жишээн дээр алслагдмал аймгуудаас Өмнөговь руу ажилдаа ирэхэд хэчнээн хоногийн хугацааг зарцуулдаг билээ. Тэгэхээр замд зарцуулж буй хугацааг ажлын өдөрт тооцох боломжгүй юм.

Хаан банкны хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба:

 

-Өмнөх хуульд ажилтан, ажил олгогч хоёр хэрэгцээ шаардлагаа тодорхойлоод хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг байсныг болиулсан байна. Онцгой нөхцөлтэй гэрээ 2 жилийн хугацаатай байгаад сунгахаар бол хугацаагүй болохоор тусгажээ. Энэ хоёрыг ялгаж салгах хэрэгтэй.

Түүнчлэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсний дотор гурван асуудал харагдаж байна. Ноцтой зөрчил, сахилгын зөрчил гэсэн ойлголтуудыг томьёолох хэрэгтэй.

Мөн эрхэлсэн ажилдаа сэтгэлгүй, хайнга ханддаг байдлыг гүйцэтгэлийн зөрчил гэж нэрлэж, тусгаж өгөх саналтай байна. Энэ зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцладаг байх хэрэгтэй. Мөн тушаалаа авахгүй зугтдаг өвддөг байдал гардаг. Тушаал хүлээлгэж өгөөгүйгээс болоод хугацаа алддаг учир тушаал гарсан өдрөөр тооцдог байх саналтай байна.

MCS холдинг ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал М.Дэлгэрцэцэг:

-Бид шинэчилсэн хуулийн төсөлд өмнө нь 30 гаруй санал өгч байсан. Ихэнх санал тусгагдсан байна. 34 дүгээр зүйлд хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэх гэсэн заалт бий. Ажилтан үндсэн ажлаас гадна өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэсэн нь тус хуулийн 69.3 дугаар заалттай зөрчилдөж байна. Харуул хамгаалалттай манай байгууллага дээр энэ асуудал гардаг. 24/48 гэсэн хуваарьтай ажиллаад дараагийн өдөр нь амрахгүйгээр өөр байгууллагад ижил төстэй ажил хийдэг. Эрүүл мэндээ бод, эрсдэлтэй гээд байхад хийгээд байдаг. Гэтэл энэ асуудлыг нээлттэй тавиад өгчихлөө. Давхар гэрээтэй хүн 7 хоногт заавал төдөн цаг амарна гэж зааж өгөх хэрэгтэй гэсэн хүсэлт байна.

Засгийн Газрын 2019 оны 3 сарын 21-ны өдрийн 111 дүгээр тогтоол гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд аваагүй нөхөн төлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байсан бол энэ тогтоолоор нийт ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэнэ гэсэн байна. Өгдөг нөхөн төлбөр 3-4 дахин нэмэгдлээ. Тогтоол өөрчилж болох үгүйг мэдэхгүй байна. Хэрвээ боломжгүй бол 25 хүн тутамд 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг, ногдох хүний тоог нэммээр байна. 25 хүн тутамд нийт ажилтнуудын цалин хөлсний дундажаар төлбөр төлөх боломжгүй.

Дашрамд дуулгахад, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн ажил есөн жилийн хугацаанд үргэлжилж байгаа юм. Тус хуулийн төсөлд жижиг, дунд аж ахуйн нэгж болон албан бус салбарт ажиллаж буй ажиллагсдын суурь эрхийг хамгаалах, хөдөлмөрийн харилцаа эхэлснээр хөдөлмөрлөх эрхийн баталгаа, суурь тавигдах, хамтын гэрээ, хэлэлцээрийг зохицуулах, ажил олгогч ажилтан хоёрын шинэ харилцаа, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг суурь хэмжүүрүүдийг тусгасан байна.

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.