Сайжруулсан түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна

2019-01-24 Нийслэл


Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцох үедээ онцлон тэмдэглэв.

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учиртайг Ерөнхий сайд төрийн албан хаагчдад онцгой анхааруулаад нийслэл энэ оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ээр зарласныг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, “Монгол Улсын эдийн засаг 2018 оны эхний 3 улиралд сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өслөө. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарсан. Засгийн газар 2018 онд гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 3.7 их наяд төгрөг төллөө. Монгол Улс удахгүй газрын тос боловсруулах үйлдвэртэй болно. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил энэ хавар эхлэх бол шинэ нисэх буудал долдугаар сард ашиглалтад орно. Улаанбаатар хотын 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Дээр нь 3000 нам даралтын зуух бий. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа. Тиймээс Засгийн газар энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” үйлдвэр байгууллаа. Ингэснээр нэг сая 200 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш болгон бууруулна. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасах юм. Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувь бууруулах ажлыг гол зохион байгуулах хүмүүс бол нийслэлийн төрийн албан хаагчид юм” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.