Хэнтий аймгийн Чингис хотноо өнөөдөр зүүн бүсийн “Намын ажилтны улсын зөвлөгөөн” зохион байгуулагдаж байна. Орон нутаг дахь намын ажилтнууд, удирдлагуудыг идэвхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эв нэгдэл, Хариуцлага, Ялалт” уриан дор зохион байгуулагдаж буй “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-ийг улс орон даяар зохион байгуулахаар болж, говийн бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 8-ны өдөр Өмнөговь аймагт хийсэн бол өнөөдөр ийнхүү Чингис хотод зүүн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
Зүүн бүсийн “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-д Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 200 орчим намын ажилтнууд оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-аас бүсчилсэн зөвлөгөөн хийх шийдвэр гаргаад үндсэндээ хоёр дахь зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Үүнээс өмнө 14 аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, шат шатны сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж, үнэлэлт дүгнэлт өгч явсан. Тэгж явахад намын ажилчид “Сонгуульд ялалт байгуулахад туслалцаа үзүүлээч ээ” гээд гуйгаад явж байсан хүн дарга болсныхоо дараа “Өнөөдөр уулзах зав байхгүй” гээд сууж байна” гэх шүүмжлэл олон хэллээ. Тиймээс ийм зүйлийг бид жижиг гэлтгүй анхаарч олон нийтийн итгэсэн итгэлийг хангалттай үүрч гарах хариуцлагатай, ёсзүйтэй байх олон асуудлыг ярих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Ер нь бүх хүний сэтгэл, итгэлийг татаж байж ажил урагшаа явна шүү. Хамгийн чухал нь хариуцлага, ёсзүй. Тиймдээ ч өнөөдрийн зөвлөгөөний уриаг “Эв нэгдэл, хариуцлага, ялалт” хэмээн тодорхойлсон. МАН намын анхан шатанд зүтгэдэг, ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, сонгуулийн үед гардан тулаанд ордог та нарынхаа санаа бодол, бодлогыг дагаж шийдвэрээ гаргаж явдаг улстөрийн хүчин. Тиймээс та бүхэн намын үйл ажиллагаатай холбоотой санаа бодлоо чөлөөтэй хэлж, идэвхтэй оролцоорой гэж хүсье” гэлээ.
“Намын ажилтны улсын зөвлөгөөн”-д оролцогчид зөвлөгөөнөөсөө эв нэгдлийг эрхэмлэн, үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллахыг нийт гишүүд дэмжигчдэдээ хандан нэгдсэн уриалга гаргахыг дэмжлээ.