АНУ Солонгосын хойг руу байлдааны хөлөг онгоцуудаа илгээсний дараа Хойд Солонгосын зүгээс Вашингтонд сануулга өглөө. Хойд Солонгос өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ “АНУ-ын хүч түрэмгийлсэн, бодлогогүй үйлдэлд зохих хариуг нь өгөх болно” гэсэн байна.
Өнгөрсөн амралтын өдөр АНУ нисэх онгоц тээгч Карл Винсон байлдааны хөлгийг залуурт пуужингууд, байлдааны нисэх онгоц, хоёр сөнөөгч онгоцны хамт Солонгосын хойг руу илгээсэн юм. Мөн Сири рүү гэнэт пуужингийн довтолгоон хийсэн нь ч Хойд Солонгост өгч буй нэг төрлийн сануулга гэж ажиглагчид үзэж байгаа. Ийнхүү Солонгосын хойгийн асуудал хурцдаж эхэлсэн нь Хойд Солонгосын хөрш зэргэлдээ Хятад улсыг аюулгүй байдлаа чангатгахад хүргэжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-д айлчилж, Трампын бодлого хэрхэн гэнэт хувиран өөрчлөгдөхийг нүдээр харсны хувьд Ерөнхийлөгч Ши Жиньпин болзошгүй нөхцөлд бэлэн байлгахын тулд цэргүүдээ хил рүү дайчилсан гэдэг мэдээ байна.
Тус улсын Ардын чөлөөлөх арми Хойд Солонгосын хил рүү 150 мянган цэргээ хөдөлгөж байгаа гэдэг мэдээллийг Өмнөд Солонгосын “Chosun.com” хуудас цацжээ. Тус сайтад мэдээлснээр бол Солонгосын хойгт нөхцөл байдал хурцдаж, АНУ тус улс руу довтолж, дайн мөргөлдөөн гарвал Хойд Солонгосоос иргэд олноороо дүрвэн орж ирж болзошгүй тулд гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байх үүднээс цэргүүдийг илгээсэн гэнэ.
Ойрын өдрүүдэд Солонгосын хойгийн нөхцөл байдал намжихгүй нь тодорхой байна. Учир нь, энэ сарын 15-нд БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений 105 жилийн ой тохионо. Их ойд зориулж тус улс дахин пуужин харвах юм уу цөмийн туршилт ч хийж мэднэ хэмээн улс орнууд бэлтгэлтэй байна. Томоохон ойн баяруудыг тохиолдуулан пуужин харвадаг уламжлалтай Хойд Солонгос нөхцөл байдал эмзэг байгаа энэ үед сануулга өгөх зорилгоор пуужин харвах нь гарцаагүй байх гэж ажиглагчид ч үзэж байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнө тус улс Япон тэнгис рүү пуужин харвасан ч 60 км-ийн зайд унасан юм.
С.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.