Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц 86,7 хувийн биелэлттэй гарч гэнэ, сайхан мэдээ. Хотын удирдлагууд аргагүй сайн ажиллажээ. Тэд он гарахаас өмнө үлдсэн хэдэн хувийн ажлаа 100 хувь болгоод, хөмрөөд шидчих юм байгаа биз…
Хотын удирдлагууд нийслэлийн иргэдээр ингэж хэлүүлэх гэж цаасан дээр том тоо тавьсан бололтой. Гэвч төр түмэн нүдтэй хойно хийсэн бүтээсэн нь гаргасан тайлангаас нь хол зөрүүтэй байгааг хэн хүнгүй хэлж байна. Дарга нар хийж гүйцэтгэж чадаагүй ажлаа “үнэлэх боломжгүй” гэсэн хоёр үгээр нүд хуурчээ. Үнэн чанартаа элсний ширхэг тоолох гэж байгаа биш нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит үйл хэргийг яахаараа үнэлэх боломж байдаггүй юм бэ, хотын удирдлагуудаа.
Нэг үгээр хэлбэл, тус тайланд зарцуулсан төсвийг тусгаагүй, үр дүн, үр нөлөөг ялгаагүй, огт эхлүүлээгүй, цаасан дээр ч цэг тавиагүй ажлуудаа “үр дүнг тооцох боломжгүй” гэж дүгнэсний үндсэнд 86,7 хувийн биелэлттэй үр дүн гарчээ. Энэ байдал чинь шударга уу. Ер нь л тэдний зорилтын ихэнх ажил нь “Эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна”, “Ажлын хэсэг байгуулж байна”, “Санамж бичиг байгуулан ажиллаж байна”, “Үе шаттай хэрэгжүүлж байна”, “Хийхээр ажиллаж байна, “Эрх зүйн орчныг боловсруулахаар бэлтгэж байна”, “Тендер зарлах шатанд явж байна”, “Сургалт зохион байгууллаа” гэх зэрэг өгүүлбэрийн түвшинд хэрэгжсэн байх юм.
Тухайлбал, Үндсэн чиглэлд “Эдийн засгийн өсөлт – өрх бүрт бодлого” гэсэн дардан амлалт дэвшүүлсэн нь өнөөдөр ямар үр дүнтэй байгаа бол. Захын гэр хорооллын айлууд бөөрөнхий атар талхыг мөнгө нийлүүлж, авч иддэг гэвэл та итгэх үү. Өвдөл цөвдөл махны жүдтэй хэлтэрхийг нохойн хоолны зориулалтаар боосон 1000 төгрөгийн ясаар шөл гаргаж хэдэн хүүхдийнхээ бор ходоодыг торгоодог айл нэжгээд бий гээд тоочоод байвал жирийн иргэнд нийслэлийн томчуудын амлалт түй ч хүрсэнгүй. Учир нь хотын удирдлагууд иргэдийн орлого өссөн, амьдрал сайжирсан, ажилгүйдэл буурсан эдийн засгийн өсөлт өрх бүрт хүрч байна хэмээн тус бодлогын зорилтыг 87,7 хувийн биелэлттэй дүгнэжээ. Харин амьдрал дээр айл өрхийн бодит орлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2.8 хувиар буурсан мэдээтэй. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, жирийн иргэдийн худалдан авах чадвар муудаж байгааг мэргэжлийн байгууллагаас бэлээхэн дүгнэлт гаргажээ. 500 мянган төгрөгийн цалинтай нэг багшийн орлогыг ам.долларт шилжүүлж бодоход 2016 оны аравдугаар сарын байдлаар 216 ам.доллар байсан бол 2018 оны аравдугаар сарын байдлаар 193 ам.доллар болж орлого буурсан байна. Мөн 2016 онд А92 бензин 1730 төгрөг байсан бол 2018 онд дундаж ханш нь 2010 төгрөг болсон нь өрх бүрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа нь бодит үнэн шүү дээ.
Хамгийн гол нь ажилгүйдэл бууруулсан гэж үзэж байгаа ч бодит байдал дээр 20-24 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт 43,6-аас 38,7 хувь, 25-29 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт 66,8-аас 64,6 хувьд хүрч буурсан байна. Ингээд тоочоод байвал жирийн иргэдийн амьдралд дэм болох гэрэлтэй ажил хийсэн байна уу. Гэвч цаасан дээр өрх бүрийн амьжиргааг нэг л өөд нь татсан тоон үзүүлэлтүүд. Наанадаж л Эмээлт, Налайх, Багануур, Багахангайн үйлдвэрлэл технологийн паркуудтай болох ажил өмнөх удирдлагын үеийнхээс хөдлөөгүй, хөрсөн дээр буугааүй байна. Гурван ч жил дараалан эхлүүлнэ, хөрөнгө оруулалтыг татна, ТЭЗҮ боловсруулна гэсэн нэг агуулгатай өгүүлбэр болж үлджээ. Эцэст нь хэлэхэд, хотын удирдлагууд өнгөрөгч хоёр жилд ингэж л паартай байшиндаа, цаасан дээр ажил хийсэн байх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.