“Ирэх долоо хоногоос хоносон талх, сүү аваарай, та нар” гэж байрны дэлгүүрийн эмээ шилбэлзэж байна. Түгээлтийн машиныг тодорхой цагийн хуваарьт оруулсан болохоор тэгэх гэнэ. “Шөнөөр босч бараагаа би лав авч чадахгүй” гэж эмээ уцаарлав. Жаахан бухимдуу байгаа нь илт. “Хүүгээ босгоод авхуулчихаж болохгүй юмуу” гэхэд бүр уурсан “Тийм завтай юм гэж юу байдаг юм. Ээлжийн ажилтай манай хүү. Тэгээд ч ундаа ус, талх нарийн боовныхон түгээлтийн жижиг машинууд авч байгаа гэсэн. Тэрүүгээрээ өглөөд авчирдагаараа авчрах юм байгаа биз” гэв. Ээж шигээ хүнтэй элдэв юм ярьж уурлуулаад юу гэхэв. Бухимдангуй үед нь таарчихсан болохоос орох бүрт инээгээд л ажил төрөл асууж угтдаг юм хөөрхий.
Хэрэв үнэхээр ихэнх үйлдвэр цех, түгээлтийн цэгүүд ийм маягаар хүргэлтийн машинаа “жижгэрүүлж” байгаа бол түгжрэл буурах биш улам ихсэх юм биш үү. Ер нь бизнес эрхлэгчдэд давхар дарамт үүсгээд байгаа 70-р тогтоол яг юу болж байна вэ?
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор борлуулалт, тохижилт үйлчилгээний 3.5 тонноос дээш багтаамжтай автомашинуудыг Улаанбаатар хотын бүсэд өглөө 06-10 цагт, орой 16-20 цагт явуулахыг хориглож, үүнд орон нутгаас нийслэлд бараа татахаар ирсэн машинуудыг хамруулахаар тогтоол гаргаж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр зэхэж буй. Үүнийг эсэргүүцэж Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл удаа дараа байр сууриа илэрхийлсэн ч тодорхой ахиц дэвшил, зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа юм.
Энэ тогтоол хэрэгжсэнээр замын түгжрэл буурна гэж иргэдийн нэг хэсэг үзэж дэмжиж байгаа ч дийлэнх нь түгээлтийн машиныг хоригловол үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, өдрийн түгээлтээ зориулалтын бус жижиг тэрэг, хар теннтэй probox машинаар хийж, замын хөдөлгөөний ачааллыг улам нэмэгдүүлэх болно гэж харж байна. Үндсэндээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох буюу нэг зүйлийг сайжруулах гээд нөгөөг нь уруудуулж, уршиг нь иргэдийн нуруун дээр бууна гэсэн үг.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 350 гаруй мянган тээврийн хэрэгсэл өдөр тутмын замын хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо бий. Эдгээрийн 4000 гаруйг л боруулалт, тохижилт үйлчилгээний машин эзэлдэг, яг хүнс тээвэрлэгч нь 1000 хүрэхтэй үгүйтэй, нийт автомашины багахан хувийг бөгөөд тэд оргил ачааллын үед хөдөлгөөнд оролцохгүй байлаа ч мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэх үндэслэл бага байна.
Тэгвэл түгээлтийн машины явах цагийг хязгаарласнаар бизнес эрхлэгчдэд ямар хохирол учирч болох талаар тэдний байр сууриас хандаад үзье. Улаанбаатарт 8000 орчим худалдаа үйлчилгээний цэг байдаг. Бүх цэгүүд шөнийн цагаар бараагаа хүлээж авах гэвэл хүн нэмж цалинжуулна, тэр өртгөө бүтээгдэхүүний үнэ дээр нэмэхээс аргагүйд хүрч эцсийн дүндээ иргэд л хохирол амсана.
Нөгөө талд, хүнсний хэдэн том манлай үйлдвэрээс бусад жижиг дунд үйлдвэр, цехүүд богино хугацаанд түгээлтийн хангамж хийхийн тулд хүчин чадлаа нэмэхээс аргагүй болно, энэ нь нэмэлт зардал учир мөн л хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх магадлалтай байна. Цаашлаад талх нарийн боов, сүү тараг гэх мэт амархан мууддаг хүнсийг өглөө эрт тарааснаараа хэрэглэгчдэд шинээр очдог байсан нь алдагдана гэж байгаа юм. Ерөнхийдөө энэ шийдвэр нь асуудлыг зөвхөн замын түгжрэл хэмээх нэг өнцгөөс харсан, олон жолооч цалинжуулах чадвартай том компани, сүлжээ дэлгүүрүүдийг дэмжсэн бодлого гэж үзэж байна.
Монголын хүнсчдийн холбооноос арай бодитой, судалгаатай санал боловсруулж Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн МҮХАҮТ-аас НИТХ-ын дарга С.Амарсайханд захидал хүргүүлж, энэхүү тогтоолд бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн үндэслэл байгаа учир эргэн харж, өөрчлөх хүсэлт тавиад буй. Гэсэн ч өнөө хэр тодорхой хийсэн зүйлгүй байсаар заасан хугацаанд тулж ирээд байна.
Түгжрэл буурах нь хотын бүх иргэн, орон нутгаас орж ирээд ажил төрөл хөөцөлдөж яваа хэн бүхэнд ашигтай боловч нийслэлийн засаг захиргаанаас илүү бүтээлч, оновчтой шийдэл, зохицуулалт эрж хайхын оронд нөгөө л хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн нуруун дээр дарамт үүсгэн байж асуудлыг шийдэх гэж байгаа нь хөнгөн хуумгай, өрөөсгөл шийдвэр юм.
Э.Сүрэн