Р.Оюунханд: Дэлхий дахинд нэг эмчид гурван сувилагч оногддог, манайд энэ харьцаа 1:1.2 байна

2018-04-23 Эрүүл мэнд
 

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Анагаах ухааны доктор Р.Оюунхандтай ярилцлаа.

-Эрүүл мэндийн яамнаас эхлүүлээд байгаа 1:2 гэх хөтөлбөрийн талаар тайлбарлахгүй юу. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт, давуу тал гарах юм бэ?

-Хөтөлбөр гэхээсээ илүү зорилт гэж тодорхойлж байгаа. Уг зорилтыг ярихаас өмнө хэд хэдэн зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу. Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын хүрээнд Эрүүл мэндийн яам тодорхой зорилтуудыг тавьж, хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн тоон харьцааг нэмэгдүүлэх юм. 2026 он гэхэд нэг эмчид ногдох сувилагчийн тоог хоёр болгоно гэсэн зорилго тавьсныг “1:2” гэж нэрлээд байгаа юм. Эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа эрэлт хэрэгцээнээс шалтгаалж, сувилагчийн тоог яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй болсон. Судалгаа хийхэд сувилагчийн мэргэжил эзэмшсэн атлаа мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа хүмүүс маш олон байдаг юм билээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, эдгээр хүмүүст мэргэжлээрээ ажиллах боломж бүрдүүллээ. Сургалтаа эхлээд явж байна.

-Мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа хэчнээн сувилагч байгаа вэ. 10 мянга гаруй байдаг гэж сонссон?

-УИХ дахь эмэгтэй гишүүдтэй хамтран сувилагчийн асуудлаар уулзалт, зөвлөгөөнийг саяхан зохион байгууллаа. Энэ хүрээнд Сувилахуйн сургуулийн багш нар судалгаа хийж, улсын хэмжээнд 10 гаруй мянган сувилагч, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байдаг гэсэн судалгааг гаргасан. Эдгээр хүмүүсийн дунд мэргэжлээрээ ажиллах, сувилагчийн эрхээ авах хүсэлтэй хүн олон байгаа нь судалгааны дүнгээс харагдсан юм. Тиймээс бид АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль болон сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлүүдтэй хамтран мэргэжлээрээ ажиллахгүй байгаа сувилагч нарт зориулан 14 хоногийн сургалт зохион байгуулахаар шийдсэн. Өмнө нь сувилахуйн чиглэлээр дөрвөн жил сурч, мэргэжил эзэмшчихсэн учраас зөвхөн онол болон дадлагыг эргэж сэргээх зорилготой сургалт юм. Сургалтад хамрагдсанаар тэдгээр хүмүүс сувилах эрхийнхээ лицензийн шалгалтад орж, тэнцэх боломжтой юм байна гэж үзсэн байгаа. Сургалтын хөтөлбөрийг боловсруулж, “Эмнэлгийн мэргэжлийн зөвшөөрлийн зөвлөл”-ийн хурлаар оруулж, салбар зөвлөлөөр хэлэлцэж баталсан.

Мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа сувилагч нар хугацааны хувьд өөр, өөр байсан учраас сургалтын хугацааг хоёр чиглэлээр боловсруулсан байгаа. Зарим нь 10 гаруй жил ажиллаагүй байна. Харин зарим нь гурван сар, зургаан сар зэрэг харьцангүй бага хугацаанд сувилагчаар ажиллаагүй байгаа юм. Тиймээс 12 сараас доош хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй сувилагчдыг гурав хоногийн сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Түүнээс дээш хугацаагаар ажиллаагүй бол 14 хоногийн сургалтад сууж, сувилагчийн лиценз авах шалгалт өгөх юм. Хөтөлбөрийн нээлтийг аравдугаар сарын 13-ны өдөр зарлаж, тухайн өдрөөс эхлэн хүмүүс бүртгүүлж эхэлсэн байгаа. Бэлтгэлээ хангачихсан байсан учраас зарласнаас хойш зургаа дахь өдөр буюу аравдугаар сарын 19-нд сургалтыг эхлүүлсэн. Одоогоор 37 сувилагч сургалтад хамрагдаж байна. Тэд хуваагдаад дадлагад гарч, онолын хичээлээ нэг танхимд сууж сонсоод явж байгаа. Дараагийн ээлжийн 35 хүн одоогоор бүртгүүлчихсэн байна. Багш нар нь нэг учраас эхний 14 хоногийн хичээл дуусч, сувилагч нар лицензийн шалгалтаа өгсний дараа, дараагийн ээлж нь ирэх сарын 08-ны өдөр эхлэх юм. Бүртгэл болон, шалгалттай нийлээд нэгж ээлжийн сургалтад сарын хугацаа шаардагдаж байгаа.

-Сургалтын төлбөр нь хэд байх бол?

-Төрийн сангийн дэмжлэгтэй зохион байгуулж байгаа учраас үнэ төлбөргүй. Зөвхөн мэргэжлээ сэргээе, мэргэжлээрээ ажиллая гэж хүсч байгаа хүмүүс учраас түүндээ л анхаарах үүрэгтэй. Сурч байгаа хүмүүсийг маш идэвхитэй, сувилагчийн мэргэжилд хайртай хүмүүс юм гэж бодож байлаа. Янз бүрийн насны хүмүүс ирж байна. Тэтгэврийн нас нь дөхсөн хүмүүс ч тэдний дунд байгаа. Сургалтад насны хязгаар байхгүй. Эмнэлгийн мэргэжил гэдэг хаана ч эрэлт хэрэгцээтэй байдаг шүү дээ.

-Сургалтад хамрагдаж байгаа сувилагч нарын ажлын байр бэлэн байгаа гэж ойлгож болох уу?

-Эрүүл мэндийн байгууллагуудаас захиалга өгч байгаа. Тухайлбал, эхний ээлжийн сургалтаас “Амгалан” амаржих газраас сувилагч авах захиалга өгсөн. Тус амаржих газрын хувьд эмч, сувилагчийн харьцаа 1:1.6 байгааг 1:2 болгох зорилготой байгаа учраас сувилагч авна гэдгээ хэллээ. Мөн ГССҮТ-өөс захиалга өгсөн. Түүнээс гадна хувийн хэвшлийн эмнэлгүүдээс ч захиалга ирж байна.

-Гурав хоногийн сургалтад хэчнээн хүн хамрагдаж байна. Ер нь сувилагчийн лиценз хэдэн жилд хүчинтэй байдаг юм бэ?

-Гурав хоногийн сургалтад өнөөдрийн байдлаар 33 хүн бүртгүүлсэн. Энэ сарын 29-ний өдөр нээлтээ хийж, сургалт эхэлнэ. Таван жил хүчинтэй байдаг. Нэгэнт лицензээ аваад ажиллаж байгаа сувилагч ажлын байрандаа дараагийн сургалтуудад хамрагдаад явдаг юм. Эмнэлгийн байгууллага тасралтгүй сургалт явуулж, сувилагч нарыг мэргэшүүлж байдаг. Нэг сувилагч жилд гурван кредит цуглуулах ёстой. Тийм учраас анагаахын мэргэжил эзэмшсэн хүмүүс насаараа сурдаг гэдэг. Зарим хүмүүс яасан сурч дуусдаггүй юм бэ гэдэг л юм. Тэгэхээр нь “Таны төлөө л сурдаг юм шүү дээ” гэж хариулдаг. Эмч хүн бусдыг эмчлэх, сувилах, эрүүл байлгах үүрэг хүлээж, тангараг өргөдөг учраас дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх ёстой.

-Манай улсын эмч сувилагчийн харьцаа хэд байна вэ. Жилд сувилахуйн мэргэжлээр хэчнээн хүн төгсдөг юм бол. Энэ тоо хүрэлцэхгүй байна гэж ойлгож болох уу?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж ерөнхийд нь нэрлэдэг юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд дунджаар 1:1.2 харьцаатай байгаа. Өөрөөр хэлбэл, нэг эмчид ойролцоогоор 1.2 сувилагч ногдож байна гэсэн үг. Гэтэл дэлхий нийтийн стандартад нэг эмчид гурван сувилагч ногдох ёстой байдаг. 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 11939 сувилагч ажиллаж байна гэсэн судалгаа гарлаа. Үүнээс гадна 10 гаруй мянган сувилагч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Тиймээс эдгээр хүмүүсээ мэргэжлээр нь ажиллуулж чадвал богино хугацаанд зорилгодоо хүрэх боломжтой. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур явдаг хүн олон байдаг.

Амьдралынхаа дөрвөн жилийг зарцуулчихаад түүнийхээ үр шимийг хүртэхгүй байна гэдэг харамсалтай шүү дээ. Эдгээр сувилагч нарт том боломж гарч ирж байна гэсэн үг. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайтад зарлал тавьсан байгаа. Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс Эрүүл мэндийн хөгжлийн төвд очоод бүртгүүлж болно. Анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн нийлсэн 12 сургууль байна. Эдгээрийн 4-5 нь сувилагчийн сургууль нээсэн. Цаашид сувилагчийн анги нээх сургуулиудыг дэмжиж ажиллана. Мөн Сувилахуйн сургуулийн багш нартай хамтран, эмнэлгүүдэд төрөл бүрийн мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгэж байна. Сувилагч нар сургагч багш болно гэсэн үг. Сургалтад хамрагдаж байгаа хүмүүс дадлагад гарахад тэдгээр сургагч багш нар заавар зөвлөгөө өгч багшлах юм.

-Сувилагч нар мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа шалтгааныг та юу гэж бодож байна?

-Олон янзын шалтгаан байдаг байх. Тухайлбал, цалин хөлсний асуудлаас эхлээд хүний л амьдрал юм хойно олон асуудал байгаа шүү дээ. Ер нь анагаахын мэргэжил гэдэг хүн бүхэн хийчихдэг амар мэргэжил биш. Бусдын жаргал зовлонг үүрэлцэж, түүнийхээ төлөө маш том үүрэг хүлээдэг хүндхэн мэргэжил. Тэр бүхэнтэй ажиллана гэдэг хүнээс маш их тэвчээр шаарддаг. Үнэхээр мэргэжилдээ дуртай, энэ мэргэжлээр ажиллая, хүн ардын эрүүл энхийн төлөө зүтгэе гэсэн хүн л хийх ажил. Нэг үеэ бодвол цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Цалин нэмэгдсэнээр сувилагч нар мэргэжлээрээ ажиллах сонирхол давхар нэмэгдэнэ гэсэн үг.

-Хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд сувилагчийн хүрэлцээ ямар байдаг юм бол?

-Янз бүр байна. Зарим газар 1:1.6 байхад 1:1 буюу нэг эмчид нэг сувилагч ногдож байгаа эмнэлгүүд ч байна.

Х.БОЛОР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.