Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт дунд сургуулийн хүүхэд осгосон найзыгаа аварсан тухай мэдээлэл гарсан байсан. Тэр хүүхдийн ангид гамшгийн үед хэрхэн амьд гарах талаар хичээл орсон тул тэр мэдлэгээ ашиглаж найзыгаа аварсан гэж хэлсэн байв. Өөрөөр хэлбэл, аливаа гамшгийн үед өөрийгөө болон гэр бүлээ, хөршөө, эд хөрөнгөө аврах мэдлэгтэй иргэд байлгахын төлөө Онцгой байдлын ерөнхий газраас анхаарч ажиллах болсны үр дүн юм. Тийм ч учраас онцгой байдлын албаны бодлого ард иргэд рүү чиглэж, хүүхдийг багаас нь мэдлэг мэдээлэлтэй болгохын тулд салбар яамтай хамтарч гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж эхэлсэн юм.
Иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээлэлтэй болгох талаар Засгийн газраас Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах албан ёсны өдөртэй болгох шийдвэр ч гаргасан билээ. Энэ өдрийн гол ач холбогдол нь иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах дадал хэвшлийг бий болгох юм. Гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт газар хөдлөлтөд бэлэн байх, таниулах мэдлэгийг иргэдэд өгөх гэхчлэн сургалтууд болж олон иргэнийг хамруулах болсон.
Гамшиг болоход насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдэд сөрөг нөлөө нь илүү хүндээр тусдаг гэсэн судалгаа бий. Жишээ нь, зуд болоход орон нутагт гэрээсээ хол, сургуулийнхаа дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд олон төрлийн эрсдэл тулгардаг. Тухайлбал, цас их орсноос зам харгуй хаагдана, хүүхэд гэртээ харьж чадахаа болино. Ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндэрч, хүүхэд дулаан хувцас, шаардлагатай зүйлсээр дутагдана. Гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаагаасаа болж сэтгэлээр унана, зүсэлж өгсөн мал, хурга ишгээ санана, сурлага нь муудна, үг дуу цөөтэй болно, бага хүүхдүүдийн хувьд гэрээ санаж орондоо шээнэ, тоглож, сурч, соёлын арга хэмжээнд оролцохоо болино гэх мэтээр сөрөг нөлөөнд өртдөг байна.
Үүний хажуугаар зарим сургууль болон сургуулийн дотуур байрны халаалт, амьдрах, сурах орчин хүүхдэд таатай биш байдаг. Халаалт муутайгаас даарна, ханиаднаас эхлээд халдварт өвчин амархан тусна. Энэ мэтчилэн гамшигт тухайн бүс нутгийнхан нийтээр өртөж байгаа ч хамгийн эмзэг өртөмтгий нь хүүхэд байдаг. Иймээс энэ чиглэлд ажиллаж байгаа манай дөрвөн байгууллага гамшгийн өмнө, гамшгийн үед, дараа нь хүүхдийн бо¬ловсролын асуудал хамгийн чухал юм. Тиймээс энэ сарын 10-нд Онцгой байдлын ерөнхий газраас, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалт, салбар дундын хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгуулах гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн үеэр гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, гамшгийн үед хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын туршлагаас хуваалцаж, гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах талаар журмын төслийг боловсруулах юм.
2 минутын өмнө
15 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.