Дэлхийн ногоон эдийн засгийн индексээр манайх 80 орноос 79-д эрэмбэлэгдэж байна

2019-11-5 Нийтлэл


Дэлхий даяараа ногоон, хүртээмжтэй эдийн засгийг цогцлоохыг зорьж буй. Монгол Улс ч мөн “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030” зэрэг үндэсний хэмжээний бодлогын баримт бичгүүдийг баталж ногоон эдийн засагт шилжихийг зорьж байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон Ногоон эдийн засгийн холбоо хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Ногоон эдийн засгийн барометр 2018” тайланг хийж гүйцэтгэжээ. Энэхүү тайлан нь Монгол Улсын ногоон эдийн засаг руу шилжиж буй өнөөгийн үйл явцыг дүгнэх зорилготой юм. Юуны түрүүнд ногоон эдийн засагт шилжих нь өнөөгийн эдийн засгаас олон давуу талыг бий болгоно.

Тус тайлангийн үр дүнгээс харахад 2030 он хүртэл жил бүр ДНБ-ийн дөрвөн хувийг ногоон хөгжилд хөрөнгө оруулбал одоогийн эдийн засгаас илүү тогтвортой өсөлттэй, бага ажилгүйдлийн түвшинтэй, бага ядууралтай, бага хүлэмжийн хий ялгаруулдаг эдийн засгийг бий болгох боломжтой юм.

Сүүлийн 30 жилд суурьшлын бүсийн хүн амын тоо хоёр дахин өсч хотжилтын асуудал, хотжилтыг дагаад агаар, хөрс, усны бохирдол, газар нутгийн 77,8 хувь нь цөлжилтийн нөлөөнд автаж хөрсний доройтол ба цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайгаас үүдэлтэй хэдэн зуун нуур, гол горхи ширгэж усны хомсдол гэх мэт асуудлууд үүсээд байна. Эдгээр асуудлуудыг шийдэх ганц арга нь тогтвортой, ногоон эдийн засгийг хөгжүүлэх юм.

Дэлхийн ногоон эдийн засгийн индексээр Монгол Улс 80 улс орноос 79-д эрэмбэлэгдэж байна. Зөвхөн “Манлайлал”-ын үзүүлэлтээр “сайн” гэх үнэлгээг авсан нь төрөөс гаргасан олон бодлогын баримт бичгүүд мөн олон улсын гэрээ, конвенцуудад нэгдсэнээс болжээ. Гэхдээ энэ нь гүйцэтгэл маш муу буйг давхар илтгэж байна. Монгол Улс нь цаасан дээрх хууль тогтоомж болон түүний хэрэгжилтийн хооронд асар их ялгаатай байдгийн тод жишээ билээ.

Энэхүү тайланд дурдагдсан ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийн ололт амжилт болон бэрхшээлүүдийг нэгтгэн дүгнэж, Монгол Улсын ногоон эдийн засаг руу шилжих үйл явцыг 10-аас 3 оноогоор дүгнэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.