Төрд үрсдээ илүүчлэх хөрөнгө алга гэнэ… Аав, ээжүүд ээ 600 төгрөг нэмэрлээрэй

2018-10-12 Нийгэм

Нэр бүхий гишүүдийн зүгээс бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг хоол болгохоор холбогдох хуулийн төсөл санаачилсан боловч төр засагт үрсдээ илүүчлэх хөрөнгө мөнгө байхгүй гээд тас цавчигдав. Өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн нэг сурагчид зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цай өгдөг. Нарийн тооцоолвол, гал тогооны түрээс болон бусад урсгал зардлын улмаас нэг хүүхэд 200-300 төгрөгийн өртөгт таарсан хүнс хэрэглэдэг гэсэн үг. Тэгэхээр зах зээлийн нийгэмд ийм хэмжээний мөнгөөр ямар шим тэжээлтэй хүнс авч болох вэ. Энэ мэтчилэн “Үдийн цай”-г хоол болгох нь бүү хэл одоогийн хөтөлбөрт нь ч хөрөнгө мөнгө нэмэх шаардлага байгаа юм.

Тэгэхээр 2018-2019 оны хичээлийн жилд тус хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан. Гэвч холбогдох яамнаас тус хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 болгон нэмэгдүүлэхээр төсөвт оруулсан нь ийнхүү хасагдлаа. Үнэн чанартаа гэрээсээ гэдсээ түнтийтэл хооллоод ирдэг жаал хэр олон байгаа бол. Энд баян, ядуугийн ялгаа ярих гэсэнгүй. Ингэж хэлэхийн учир нь Эрүүл мэндийн яамнаас явуулсан “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал” судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогджээ. Хамгийн харамсалтай нь сургуулийн ойр орчимд зардаг сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд байдаг аж. Эдгээрийн 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан бөгөөд давс багатай бүтээгдэхүүн байгаагүй байжээ. Үнэндээ их хотын завгүй иргэд өглөө гараад үдшийн бүрийтэй золгож, сая нэг харьдаг. Төрийн албан хаагч, хувийн хэвшил, хувиараа бизнес эрхлэгч гээд ажил хийж байгаа хэн бүхэн л үр хүүхдэддээ хяналт тавьж, тэднийгээ өдөржин бөөцийлөх цаг зав дутмаг байдаг шүү дээ. Тэр ч бүү хэл зөвхөн сургуулийнхаа “Үдийн цай” хөтөлбөрөөр өл залгуулдаг олон хүүхэд байдгийг холбогдох албанаас судалгаа хийсэн байдаг. Захын гэр хорооллын зарим газраар хоёр айл нийлж, ганц атар талх авч хувааж иддэгийг ч цэнхэр дэлгэцээр сурвалжлага хийж харагдана лээ. Нохойн хоол гэх өвдөл цөвдөл 1000 төгрөгийн ясаар шөл гаргаж, будаа хаяж иддэг айлууд захаас аваад олон байдгийг ч үзүүлсэн. Ингээд тоочоод байвал улсын ирээдүй болсон бяцхан иргэдэд тогтмол олгох өдрийн хоол туйлаас чухал.

Тийм учраас л “Үдийн цай”- г хоолоор солих зайлшгүй шаардлага байна. Хэрвээ Монгол Улсын төрөөс бяцхан иргэндээ хэдэн төгрөг илүүчлэх тэнхээ байхгүй бол эцэг, эхээс нь 600 төгрөг татаж, өдөрт халуун хоол, цай өгье. Бүтэн хичээлийн жилд ганцхан удаа 600 төгрөг өгөхөөс татгалзах аав, ээж үгүй л болов уу.

Тэгээд ч улс орнуудын жишгээс авч үзвэл сургууль дээрээ өдрийн хоол иддэг хүүхэдтэй өрхийн төсвийн 10 хувийг хэмнэдэг гэж үздэг аж. Энэ оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Хаа байгаа 1946 онд АНУ, Япон 1954, Солонгос 1953 онд энэ асуудлыг шийдсэн байх юм. Гэтэл 21 дүгээр зуунд газрын баялагаараа дээгүүрт жагсдаг гэх манай улс бяцхан иргэдээ хооллож дийлдэггүй. Зохимолоор хэдэн хувийн хэвшилтэй нийлж үнийн хөөрөгдлийг гааруулж, ард түмнийхээ нуруунд улам л ачаа нэмж сууна.  Жишээ нь өнөөдөр шатахууны үнэ гэрлийн хурдаар нэмэгдэж байгаад төр засаг буруутай. Сингапурын биржийн үнийн ханшаар хэдэн арван жилийн гэрээг хойд хөрштэй хийгээд зогсохгүй хувийн хэвшлийн хэдэн компанид толгойгоо мэдүүлсэн нь өнөөдрийн тээг болж байна. Мөн талхны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ч төрийн буруу. Тэд л “Тариалан эрхлэх сан” гэх Төрийн бус байгууллагад давуу эрх олгож, гурил буудайны үнийг өсгөж, өнөөдөр энгийн иргэд талхаа өндөр авч байна. Өнгөрөгч зун хур бороо хангалттай орж, говь нутагт хүртэл ган гачиг тайлагдсан талбиун сайхан байсан. Гэтэл зах зээлийнхээ жамаар бус төр засгаас буудайг өндөр үнээр худалдаж авах нэрийдлээр өнөөдрийн ханшийг ийнхүү өсгөж буй юм. Энэ мэтчилэн буруу бодлогынхоо гогцоонд ороогдсон төр засгаас хэдэн хүүхэддээ аяга хоол горьдож суухаар өөрсдөө гарц хайвал ямар вэ?

О.МӨРӨН

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.