Таны эрүүл мэндийг доройтуулах зургаан дадал зуршил

2018-09-3 Амрах агшин


Ажил мэргэжил хүний амьдралын зорилгыг баталгаажуулж сонгосон мэргэжлийнх нь сайн сайхныг тэтгэж байдаг. Хэрэв та үнэхээр дурлаж сонгосон салбартаа ажиллаж байгаа бол таны мэргэжил үр шимээ өгөх нь гарцаагүй билээ. Гэвч энд хэлж ярих хэд хэдэн зүйл байна. Юу гэвэл буруу сонгосон ажил мэргэжил онцгүй, үр ашиггүй байх нь ойлгомжтой. Түүнчлэн таны дурлаж сонгосон ажил хүртэл ноцтой асуудал үүсгэж болох юм. Өөрөөр хэлбэл та мөрөөдлийн ажлаа хийж таашаал авч байгаа ч сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Доор дурдсан 6 дадал зуршил таны эрүүл мэндийг доройтуулах эрсдэлтэй. Тухайлбал,

Хэт ажиллах

“Үргэлж бэлэн” сэтгэлгээгээр амьдардаг олон ажилтан ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахыг хичээдэг нь өөрсдөдөө бэрхшээл учруулахаас гадна гэр бүлийн амьдралдаа ч асуудал үүсгэдэг. Ажилдаа дуртай байх, ажилдаа бүхнээ зориулж илүү цагаар ажиллах нь сайн хэрэг. Гэхдээ ажилдаа махран зүтгэсэн олон цаг таны амьдралд яаж нөлөөлж байгааг бодолцох хэрэгтэй. Цаг наргүй ажил таны гэрлэлтийг бүтэлгүйтэхэд хүргэж байна уу? Хангалттай нойр авдаг уу? Ажлаа гүйцэтгэж дуусгасан ч нэг зүйл дутуу байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Энэ мэтчилэн асуудлыг давахын тулд амьдралын эрүүл, тэнцвэртэй хэв маягийг эрхэмлэж үргэлж даган мөрдөхийг хичээх нь зүйтэй.

Эцэс төгсгөлгүй ээлжийн ажил

Ээлжийн ажилтай хүн тэр болгон тогтмол цагийн хуваариар ээлжид гараад байдаггүй. Долоо хоногийн эхний өдөр өглөө 8 цагаас үдээс хойш 4 цаг хүртэл ажилсан бол Пүрэв гаригт 12-8 цагийн хооронд ажиллах нь энүүхэнд. Иймэрхүү тогтмол бус цагийн хуваарь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. “Цаг наргүй ээлжийн ажил биологийн цагийг алдагдуулж цаашлаад нойргүйдэл, толгой эргэх зэрэг асуудал үүсгэдэг” гэж “Меттл” компанийн үүсгэн байгуулагч, захирал Кетан Капур хэлжээ.

Хэрэв таны хийж буй ажил хатуу дэгтэй, уян хатан биш бол дасгал хөдөлгөөн хийх, нойр авах цаг гаргаж байх хэрэгтэй юм шүү.

Завсарлагагүй ажил

Хүзүү хөших, үе мөч чангарах, толгой өвдөх зэрэг нь хөдөлгөөний дутагдалтай амьдралын хэв маягаас үүдэлтэй наад захын асуудлууд билээ. Цаашлаад тархи манарч ядарч сульдаж болно. Эдгээр асуудлыг байхгүй болгохын тулд аль болох байнга алхаж байх нь зүйтэй. Үүнээс гадна таны өдрийн ажил ядаж нэг удаагийн их завсарлагаа байх хэрэгтэй бөгөөд өдөр тутмын хэд хэдэн удаагийн богино завсарлага ч тус болно. Ажлын их ачаалал дундах завсарлага таны биеийг сэргээхээс гадна ажил хийх урам зоригийг улам нэмэгдүүлэх ач тустай.

Зохисгүй хооллолт

Эмх цэгцгүй цагийн хуваарь, цаг наргүй ажил, ачаалал ихтэй төслийн ажлууд хооллох хэв маягийг алдагдуулж эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. “Ажил дээрх стресс хооллох дэглэмийг буруу зам руу оруулж замбараагүй хэт их идэх хандлагатай болгодог” гэж Mindfully Intuitive Nutrition байгууллагын захирал Жизела Бувьер хэлжээ.

“Өөрийн мэдэлгүй зууш салат юм уу сайхан харагдсан хоол руу хальт харах нь стрессийг буулгах талтай. Гэхдээ сэтгэл санаа тавгүй үед идэх нь гэдэс цатгалан байсан ч цадах мэдрэмжийг үгүй хийдэг” гэжээ.

Өөрөөр хэлбэл та маш их ажлын ачаалалтай үед танд хооллох цагийн хомсдол, эсвэл цайны цагаа мартах вий гэсэн мэдрэмж төрдөг.

Бувьер хэлэхдээ түүний зохион явуулдаг байгууллагын үйл ажиллагааг сайжруулах хөтөлбөрийн үеэр маш уг хөтөлбөрт оролцсон олон үйлчлүүлэгч ажилдаа дарагдсан байдгаа хүлээн зөвшөөрч сүүлдээ бүхэл өдөржингөө өлсөөд байгаа үгүйгээ ялгахаа больдог гэдэгээ хэлсэн байна.

“Хоол тэжээлийн дутагдал сэтгэл санаанд мэдэгдэхүйц нөлөөлж ажлын бүтээмжийг бууруулдаг. Ингэснээр зарим үед хэт их идэж зарим үед юм идэхгүй байх нөхцөл бүрддэг. Ажлын стресс өлсөх мэдрэмжийг үгүй хийдэг. Гэвч гэнэт маш их өлссөнөө мэдэрч юу идэхээ мэдэхээ больдог байна”.

Тэрбээр хурдан бодлогогүй хооллохын оронд аль болох тэжээллэг зуушаар хуваарийн дагуу завсарлагатай цайгаа тохируулахыг зөвлөжээ.

Ажил гэрийн хооронд дахь зай

Дундаж Америк иргэдийн ажил гэр хооронд дахь хугацаа 30 очим минут, заримдаа 90 минут болон түүнээс дээш хугацаа зарцуулдаг гэж АНУ-д төвтэй Gallup компаниас хийсэн судалгааны дүн харуулжээ.

Ажил гэрийн хооронд зам туулах гэдэг тийм ч зугаатай хэрэг биш, ялангуяа нэлээдгүй хол зам туулдаг бол энэ бол хүсээд байх хэмнэл биш юм. Замын түгжрэл, цаг агаарын нөхцөл, нийтийн тээврийн саатал гэх мэт зүйлс ажлын идэвхийг бууруулж мэднэ. Том хотод амьдардаг албан хаагчид ажилдаа хүрэхийн тулд гурван цагийн өмнө эрт босох хэрэгтэй болдог. Энэ нь дутуу хагас нойртой байх зэрэг янз бүрийн асуудал үүсгэх бөгөөд дархлалыг бууруулах, анхаарал сулрах, шингэн дутагдах гэх мэт муу үр дагаварт хүргэдэг байна.

Бүхэл өдөржин үргэлжилсэн хүнд ажлын эцэст бушуухан гэртээ харихыг л хүснэ. Хол зам туулагсад өглөө 9 цагаас орой 5 цагт ажил дуусдаг цагийн хуваарь тэдний хувьд өдрийн ажил нь 12 цаг болж сунадаг.

Тохилог бус орчин нөхцөл

Ажилчдын сэтгэл ханамжийн үзүүлэлт сайн байгууллагын нийтлэг нэг соёл билээ. Гэвч энэхүү үзүүлэлт тэр болгон хангагдаад байдаггүй. Хэрэв таны босс өдөр болгон ууртай царай гарган, үргэлж аашилж явдаг бол ажлын бүтээмжид муугаар нөлөөлөх нь мэдээж. Ажил хийх дур хүслийг ч унтрааж орхино. “Муу ажлын байр эрүүл мэндийг доройтуулна. Тодорхой хугацаанд дарамтан дор ажиллах үед хүний биед кортизол хэмээх стрессийн даавар ялгарч удаан хугацааны эрүүл мэндийн асуудал үүсгэх нөхцөл бүрдүүлдэг” гэж Капур хэлжээ. Ажлын стресс ядаргаа урам зоригийг мохоож уур уцаартай болж гүн ядаргаанд ч оруулж болно. Ийм тохиолдолд бусадтай харилцан ярилцах нь хамгийн зөв арга юм. Ямар ч ажил таны эрүүл мэндээс чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: Business News Daily

Орчуулсан Б.Хүдэр

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.