Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэхээр төсөөлсөн юм. Мөн төсвийн тодотголтой цуг зургаан төрлийн татварыг нэмэхээр холбогдох хуулийн төслүүдийг өргөн бариад байна.
Өнөөдөр мөн хэд хэдэн ажлын хэсгүүд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэх юм байна. Үүнд:
- Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль, зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00цагаас 334 тоот өрөөнд;
- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас“В” танхимд;
- Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах ажээ.