Б.ГАНГААМАА K2 уулын оргилд авиралт хийнэ

2018-06-13 Амрах агшин

Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа  K2 уулын оргилд авиралт хийхээр болсноо хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээллээ.


Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино. К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг байна. Энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон.
Б.Гангаамаа К2 ууланд 2013 онд, Г.Өсөхбаяр 2017 онд гарахыг зорьсон ч амжилттай болж чадаагүй юм. Тэгвэл Б.Гангаамаа олон компани, хувь хүний дэмжлэгтэйгээр дахин К2 ууланд авирахаар болжээ.  Тэрбээр маргааш Туркээр дамжин Пакистанд очих юм байна.

Б.Гангаамаагийн авиралт Пакистаны талаас эхлэх бөгөөд ирэх долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 5-ны хооронд К2 ууланд авирах төлөвлөгөөтэй байгаа аж. Б.Гангаамаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин болсон түүхийг 2011 онд бичиж байсан.

Б.Гангаамаа “Seven summit”:
2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/
2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массивд /4897 метр/ хөл тавьж, Монголынхоо далбааг мандуулсан түүхэн амжилтын эзэн боллоо.

Гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа http://www.gangaamaa-expeditions.com сайтыг нээн ажиллуулж байгааг энэ дашрамд дуулгаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.