Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 36622 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Энэ оны эхний 4 сард нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 161189 дуудлага, мэдээллийг хүлээн авсны 128244 буюу 79.3 хувь нь зөрчлийн шинжтэй, дуудлага, мэдээлэл байна. Нийт дуудлага, мэдээллийн 110197 буюу 68.1 хувь нь шөнийн 22-06 цагт бүртгэгдсэн байна. Үүнд дараах хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Нийслэлд орон сууцны 1 дүгээр давхарт ресторан 356, кафе 143, баар 58, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны ойр орчимд 488, нийт 1045 баар, караоке, цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж байгаа нь архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын 43.5 хувийг эзэлж байна. Иймд иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах нөхцлийг хангах зорилгоор цагдаагийн алба хаагчид өдөр бүр 02:00-06:00 цагт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллаж байна.
Он гарсаар хүүхэд алга болсон талаар 1047 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 384 хүүхдийг цахим тоглоомын газраас олж эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Өнөөдөр нийслэлд 296 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Цахим тоглоомын газарт 500-1000 хүн хоноглон тоглож байгаагийн 150-200 насанд хүрээгүй, “Дэлгэцэнд донтолт”-той хүүхдүүд байна. Тэдгээр хүүхдээс гэмт хэрэг, зөрчил үйлдэх нь ихсэх хандлагатай байгааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4287 дуудлага мэдээлэл хүлээн авч 1360 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 187 бүртгэгдэж хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 24.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Он гарснаас хойш гудамж замд хийсэн шалгалтаар 60892 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар өсчээ. Мөн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар буурсан байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод бага зэргийн хур тунадас орж, салхи 6-12 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан, салхины хурд 8-9 м/с байх төлөвтэй байгаа. Мэргэжлийн байгууллагын мэдээллээр Эх үрсийн баяраар цаг агаарын нөхцөл байдал хэт халалттай байж болзошгүйг анхааруулж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын Шарлангийн гол гэдэг газар гарсан ойн түймрийн нөхцөл байдал хүндэрсэн тул ОБЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газраас нийт 72 алба хаагч, 6 автомашинтайгаар энэ сарын 19-ний өдрөөс эхлэн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна. “Шингэрүүлсэн шатдаг хий” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах удирдамжийн дагуу энэ сарын 14 ний өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төв, зах, хүнсний дэлгүүр, бөөний төв, түргэн үйлчилгээний цэгүүдэд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий /газ/ худалдан борлуулж буй байдалд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна” гэж танилцуулав.
“НИТХ-ын 85 дугаар тогтоол, Засаг даргын А/592 тоот захирамж, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/126 тоот тушаалын хүрээнд хориглосон бүсээс 5 дүүргийн 343 өрхийн 9051 толгой мал зөвшөөрсөн бүс рүү нүүлгэсэн. Ил задгай, зориулалтын бус газарт автомашины худалдаа үйлчилгээ эрхэлж буй нийт 50 байршилд хяналт шалгалт хийж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нарны замын паркын урд, 3 дугаар хороо Аса цирк, Саруул худалдааны төвийн баруун талд байршилтай 3 газрын зөрчлийг арилгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, орлогын тасалдлыг нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаанд нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах шаардлагатай байна” гээд “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 115 дугаар тогтоолын дагуу 23 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг шуурхай зохион байгуулж, батлагдаагүй байршлуудын архитектур төлөвлөлтийн даалгавар, газрын гэрчилгээг энэ долоо хоногтоо гаргах, барилгын зурагт өөрчлөлт оруулах ажлыг шуурхай зохион байгуулах, энэ онд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтын төсөлд тусгах саналаа ирүүлэх, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах, иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх, эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.