МУИС-ийн “хатан хаан” Ч.Ундрам. “Хооллож” байгаа газраа Азийн топ 100 сургуулийн нэг болгоно, Нобелийн шагналтан төрүүлнэ хэмээх амны уншлагатай. Гэвч тэрбээр Монгол Улсын ууган сургуулийг сайн гэхээсээ саар талаар нь Азид алдаршуулж мэдэх нь. Ямартаа л захиралтайгаа нийлж дөрвөн оюутны дүнг зассанаар тэрбээр алдаршиж, дээрх гуншинг хүртэж байв. Тодруулбал, МУИС-ийн захирал А.Галтбаяр, дэд захирал О.Мөнхбат, сургалтын нэгдсэн албаны эрхлэгч Ч.Ундрам нар оюутан шилжүүлэн суралцуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Тодруулбал 12 оюутныг МУИС-д шилжүүлэхдээ дүрмийг бөөнд нь зөрчиж, Б.У, Г.Н, О.Г, Э.М гэх дөрвөн оюутныг төгсгөхийн тулд МУИС-ийн бүх дүрэм журмыг зөрчиж, дүнг нь хүртэл зассан байдаг.
Энэ мэтчилэн 2014 онд 41, 2015 онд 54, 2017 онд дөрвөн дүнг ажлын бус цагаар зассан баримт бий. Гол нь энэ бол ганцхан салбар сургуулийн дүнгийн мэдээлэл нь л энэ юм. МУИС нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй. Тиймээс бусад салбар сургуулиудад ч иймэрхүү байдал байхыг үгүйсгэх аргагүй. Ажлын бус цагаар засварлагдсан нийт 99 дүнгийн 95 дүнг 2014, 2015 онуудад сургуулийн сургалтын албаны эрхлэгч Г.Энхбаяр, 4 дүнг 2017 онд Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам нар зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, хамгийн шилдэг гэгдэх МУИС-ийг мэдлэгтэй бус мөнгөтэй нь төгсөх хэмжээнд хүрч, чанар нь муудав уу гэлтэй. Ийм байхад Азийн топ 100 сургуулийн болзлыг хангадаг юм уу, Ц.Цогзолмаа сайд аа.
Цаашдаа хичээлдээ суудаггүй, бие даалт ч хийж үзээгүй оюутан сайн дүнтэйгээр МУИС-ийг төгсвөл нэг их гайхах зүйл биш болжээ. Чанаргүй, “дээд боловсролгүй” их сургууль төгсөгчид төрийн албанд очиж, багш, эмч зэрэг ажлыг хийх болсон нь энэ нийгмийн эмгэнэл болчихоод байгаа. Тэр дундаа тийм хүмүүсийг МУИС-аас үйлдвэрлэж, түүнийг нь гардан гүйцэтгэгч нь Ч.Ундрам уу гэх асуулт урган гарна. Энэ бол зөвхөн илрээд байгаа тохиолдлуудын нэгээхэн хэсэг нь. Цаашид илрээгүй өчнөөн тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй юм. МУИС-ийн сургалтын алба нь салбар сургуулийн захирал, захиралтайгаа нийлээд ийнхүү ёс бус үйлдэл хийсэн үйлдэл үүгээр дуусахгүй.
“Оюутан шилжүүлэн суралцуулах журам”-ын 2.1, 2.2, 4.1, 4.2, 6.1 дэх заалтуудыг зөрчсөн нь мөн л шалгалтаар илэрсэн. Шулуухан хэлэхэд, эрхэм авхай албан тушаалаа урвуулан ашиглахдаа гаршсан бололтой юм. Жишээ нь, Д.Доржнамжил МУИС-ийн Бизнесийн сургуульд 2011 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 581 тоот тушаалаар элссэн баклаврын диплом өвөртлөхөөр элссэн байдаг. Хачирхалтай нь мань хүн мөн онд БНХАУ-ын Ардын их сургуульд элсэн суралцжээ. Өөрөөр хэлбэл, хоёр сургуульд нэгэн зэрэг элсэн орж суралцсан байгаа юм. Улмаар 2013 онд Ардын Их сургуулийг дүүргэсэн. Гэхдээ ямар мэргэжил эзэмшсэн нь “нууц”.
Энэхүү нууцлаг Д.Доржнамжил МУИС-ийн захирал А.Галтбаярын 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн А/96 тоот тушаалаар Эрхзүйн бакалаврын эчнээгээр суралцахаар болсон нь бүр ч хачирхалтай. Д.Доржнамжил нь Бээжингийн Ардын их сургууль төгссөн гэх атлаа ямар мэргэжил эзэмшсэн нь тодорхойгүй. Элсэлтийн шалгалтад орох болзол хангаагүй атал тушаал гаргаж, эчнээгээр суралцуулахаар болсон нь МУИС-ийн дүрэм журам алдагдаж, хэн дуртай нь юу ч хийж болох нөхцөлийг бүрдүүлэх нь тэр.
МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам гэж бий. Мэдээж журмыг мөрдөх гэж баталдаг. Түүнээс биш захирал журмыг баталж, бусад нь мөрддөг гэсэн үг биш. Тэрхүү журамд бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх тухай тодорхой тусгагдсан байдаг. Мөн элсэхтэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасах тухай заалт ч бий. МУИС-ийн захирал А.Галтбаяр дээрх элсэлтийн тушаалаа гаргахдаа “МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2014 онд оюутан элсүүлэх журмыг үндэслэсэн” гэжээ. Гэтэл уг журам 2014 оны тавдугаар сарын 2-ний өдрийн А/119 дугаар тушаалаар батлагдаж мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байгаа юм. Гэтэл А.Галтбаярын гарын үсэгтэй тушаал өмнөх сард нь гарсан. Өөрөөр хэлбэл, энэ тушаалыг гарах үед журам батлагдаагүй байжээ. Ингэснээр өнөөх тушаал хүчингүй болж таарч байгаа юм. Ганц гарын үсэг зурсанаар нь А.Галтбаярыг буруутгахаас илүүтэй Сургалтын нэгдсэн албаны хариуцлагагүй байдал энд яригдах учиртай. Элсэлтийг сургалтын төв албанаас зохион байгуулдаг. Улмаар элсэх иргэний материалын үнэн зөвийг шалгаж эцэслэн тушаал гаргуулдаг нь сургалтын төв. Гэтэл тушаалын хавсралтын 14-т бичигдсэн Бээжингийн Ардын их сургуулийг төгссөн гэх атлаа ямар мэргэжил эзэмшсэн нь тодорхойгүй, шулуухан хэлэхэд болзол хангаагүй иргэнийг Сургалтын нэгдсэн албаны эрхлэгч Ч.Ундрам албан тушаалаа урвуулан ашиглаж оруулсан болж таарч байгаа юм. Энэ асуудлаар МУИС-ийн Багш нарын холбооноос АТГ-т гомдол гаргасан нь ч бий.
МУИС бол улсын ууган сургууль. Тэр ч утгаар монголчуудын сэтгэхүйд дээд боловсролын хамгийн чухал байгууллага гэдэг ойлголт явдаг. Гэвч хэн нэгний дураараа авирлаж, дунд чөмгөөрөө жиргэж суудаг газар болж хувирсан бололтой. Мэдээж дээрх баримт бол ганц удаагийн шалгалтаар илэрсэн зөрчлийн нэг хэсэг нь. Цаана нь иймэрхүү байдлаар албан тушаалаа ашиглаж, хуулийг гууль болгосон хэдэн ч тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй.
Судлаагүй хичээлийг судалснаар тооцож, сургалтын мэдээллийн системд бүртгэж, дүнг засварласан, дээр нь шаардлага хангахааргүй нэгнийг элсүүлсэн, магадгүй хуурамч бичиг баримттайг нь мэдсээр байж өөгшүүлсэн гэхчлэн энэхүү ёс бус үйлдлийг анхнаас нь таслан зогсоох шаардлагатай бус уу, Я.Төмөрбаатар захирал аа.
Гэтэл харин ч толгойг нь илж албан тушаал ахиулсан нь хачирхалтай. Өмнөх захирал А.Галтбаярын үед сургуулийн дотоод дүрэм журмыг зөрчсөн нь шалгалтаар илэрсэн Сургалтын нэгдсэн албаны эрхлэгчээр ажиллаж байсан Ч.Ундрам өдгөө Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал болтлоо тушаал дэвшжээ. Магадгүй Я.Төмөрбаатар захирал хэн нэгнийг шийтгэхдээ албан тушаал дэвшүүлж зэмлэдэг байж мэдэх л юм. Эс бөгөөс энэ үйлдэлдээ удахгүй тайлбар хийх биз.
МУИС-ийг Монголын оюун ухааны цөм гэж боддог байлаа. Тус сургуулийн төгсөгч нар Монголын ирээдүйг авч явах шилдэг хүмүүс гэж ойлгодог. Улсынхаа урдаа барих ууган сургуулиар бахархаж байв. Тиймдээ ч тус сургуульд элсэн суралцахын тулд өдөр шөнөгүй бэлдэж, үнэ цэнийг нь биширдэг байсан атал өнөөдөр ой гутахад хүргэж байна. Ийм байж Азийн топ битгий хэл улсдаа тэргүүлэх зэрэглэл хүртэнэ гэдэг ч эмгэнэл бус уу. Иймээс идээ бээрийг нь дотроос нь шахаж, ууган сургуулиа, улсынхаа нэр хүндийг авч үлдэх болсон юм биш үү, Ц.Цогзолмаа сайд аа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.