Энэхүү бүтээгдэхүүн нь ургамалын гаралтай полимероос гаргаж авсан олон давхаргат хальснаас бүрдэх бөгөөд тасалгааны дулаан, чийгшлийн нөхцөлд амархан задардаг байна. Хүнсний хаягдлаас жимсний хөнгөн зууш хийдэг Британийн “Снакт” компани “Типа” компанийн био-хуванцар сав савалгааг аль хэдийн ашиглаад эхэлжээ.
“Уламжлалт сав баглаатай адил манай компани хэд хэдэн давхаргаас бүтсэн хуванцар хэрэглэдэг” гэж Снакт компанийг үүсгэн байгуулагч Майкл Минч-Диксон хэлжээ.
“Эхний давхарга дээр бүтээгдэхүүний нэр, таних тэмдгийг хэвлэнэ. Дараагийн давхарга нь ус, агаар чийгийг нэвтрүүлэхгүй тусгай хамгаалалтаас бүтэх учир хоол хүнсийг муутгахгүй, идэхэд аюулгүй” гэж тэрбээр тайлбарлав.
“Бидний өдөр тутам хэрэглэдэг хуванцраас бараг ялгагдах зүйлгүй. Гэсэн хэдий ч уг сав баглааны хуванцарт ашигладаг будаг, цавуу нь хүртэл тасалгааны орчинд бүрэн задардаг. Жүржийн хальс ердөө зургаан сарын дотор задарч уусдаг шиг энэхүү материал нь хогийн саванд түргэн задрах боломжтой” гэжээ.
Түүний хэлж байгаагаар “Типа”-гийн үйлдвэрлэсэн савлагааны материал нь хоёрхон жилийн дотор үйлдвэрлэлийн зардлыг 60 хувиар бууруулж чаджээ. Өөрөөр хэлбэл уламжлалт гялгар уутан материал ашигласантай харьцуулбал нэг зуушинд зарцуулах савлагааны өртөг нь ердөө нэг цент болж байв.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар “Типа” компани 11 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж тэдгээр хөрөнгө оруулагчдын дотор Уругвай улсын загвар зохион бүтээгч Габриэла Хёрст багтаж байгаа бөгөөд тэрбээр тансаг загварын хувцасны цуглуулгадаа “Типа” компанийн баглаа боодлыг ашиглахаа мэдэгдсэн байна.
“Типа” компани байгаль орчинд ээлтэй сав баглаа боодлын шинэ санаачлага, шийдлийг хэрэгжүүлж буй үед өөр хэд хэдэн компани өргөн хэрэглээний хуванцрыг дахин боловсруулах шинэ технологи боловсруулаад байна. Тухайлбал Британийн Recycling Technologies (RT) компани бүх төрлийн хуванцрыг цэвэр нефть болгодог төхөөрөмж бүтээжээ.
Энэ компанийн RT 7000 төхөөрөмж нь шүдний ооны шахдаг сав, шарсан төмсний гялгар уут, нарийн боовны уут зэрэг хаягдал болдог материалыг жижиглэж хатаагаад хүчил төрөгч нэвтрүүлдэггүй халуун зууханд хийдэг. Энэхүү зууханд дулааны задрал хэмээх химийн урвал явагдаж ямар ч төрлийн хуванцар бүрэн хайлдаг байна. RT компанийн гүйцэтгэх захирал Адриан Гриффитс хэлэхдээ энэхүү зууханд боловсруулсан тосыг нефть химийн компаниудад борлуулах боломжтой бөгөөд үүнийг эргүүлээд хуванцар болгон ашиглаж болно гэжээ. “Ийм төхөөрөмжтэй хэн боловч хог хаягдлаасаа ашиг олох боломжтой” гэж нэмж хэлэв.
Мөн RT нефть химийн компаниудад түүхий эд нийлүүлдэг “ИнтерКем” компаниас 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Одоо хаягдал боловсруулах 6 метрийн урттай бага оврын, тээвэрлэж болохуйц төхөөрөмжийг олноор үйлдвэрлэхийг зорьж байна гэж Адриан Гриффитс хэлжээ.
“Манай компани жилд 200 машин угсрах хүчин чадалтай үйлдвэр байгуулж байгаа. Нэг машин гэхэд жилд 7000 тонн хуванцрыг дахин боловсруулах чадалтай. Үүн дээр нэмээд 1.4 сая тонн хаягдал боловсруулах төхөөрөмж суурилуулна” гэжээ.
Өнөөдрийн байдлаар Европын улс орнууд жилд гурван сая тонн хуванцрыг дахин боловсруулж байгаа боловч эцсийн дүндээ тэдгээрийг газарт булж, шатааж эсвэл далайд хаядаг байна.
“Манай компанийн үйлдвэрлэсэн төхөөрөмж Ази тивийн улс орнуудын голын эрэг дагуу олноор суурилагдаж эрэг дагуу бий болсон хаягдлыг цэвэрлэснийх нь төлөө бид тэдний орлогод нэмэр болно” гэж Адриан Гриффитс тэмдэглэжээ.
Үсний шампунийн сав зэрэг хатуу хуванцар нь хамгийн их хэмжээгээр дахин боловсруулагддаг материал юм. Гэвч түүнийг боловсруулах арга нь таны бодож байгаагаар байгаль орчинд төдийлөн хоргүй биш. Дахин боловсруулах үүднээс будагтай хуванцрыг бутлан холиход түүнээс гарсан материал нь чанар муутай, цөөн тооны бүтээгдэхүүнд хэрэглэх боломжтой байдаг ажээ. Иймээс Белги улсад төвтэй гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Иковер” компани зөвхөн цагаан болон тунгалаг хуванцрыг ялган авдаг загвар зохион бүтээжээ. Ингэснээр хуванцар савыг хэд дахин ашиглаж болох юм.
“Өнөө үед үйлдвэрлэгчдийн өргөнөөр хэрэглэдэг олон өнгийн хуванцар лонхнуудыг дахин боловсруулах боломжтой байдаг боловч тэдгээрийн ихэнхийг гудамжны урт сандал эсвэл цэцгийн сав хийхэд зориулж байна. Энэ нь эцэстээ дахин боловсруулах үйлдвэрлэлийг бүрэн зогсооход хүргэнэ” гэж “Иковер” компанийн мэргэжилтэн Дэвид Кеннеди хэлжээ.
“Хамгийн олон удаа дахин боловсруулах боломжтойг нь бодож бид өнгөгүй тунгалаг хуванцрыг үйлдвэрлэлдээ ашигладаг. Маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ содон харагдуулахын тулд янз бүрийн өнгөтэй савалгаа хийх хэрэгтэй гэж боддог. Үнэндээ хэрэглэгчид өнгө будагтай савлагааг төдийлөн сонгож авдаггүй. Бүтээгдэхүүнийхээ нэр, таних тэмдгийг бичих зэргээр хэрэглэгчдэд бараагаа хүргэх өөр олон арга байна” гэв.
Юнилевер, Кока-Кола, ПэпсиКо, Марс, Лореал, Уолмарт зэрэг дэлхийн томоохон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид 2025 он гэхэд сав баглаандаа зөвхөн дахин ашиглагдахуйц, дахин боловсруулагддаг, байгальд шингэхүйц материал ашиглахаа амласан байна. Эдгээр компаниуд жилд зургаан сая тонн хуванцар материал баглаа боодолдоо ашигладаг.
“Савлагааны дизайныг шинэчилж байх нь бүтээгдэхүүний борлуулалтыг тогтвортой байлгахаас гадна сав баглаа боодлыг дахин боловсруулж, ялгах, хог хаягдлыг булшлахгүй байх нөхцлийг бүрдүүлэх тал дээр орон нутгийн захиргаатай хамтран ажиллах нь чухал асуудал болоод байна” гэж тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих Эллен Макартур Сангийн мэргэжилтэн Роб Опсомер дурджээ.
Гялгар уут, хуванцар материалыг хамгийн ихээр үйлдвэрлэж хэрэглэдэг тул компаниуд энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Гэхдээ компаниуд үүнийг дангаараа хийх боломжгүй. Засгийн газрын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй юм гэж тэрбээр нэмж хэлэв.
Эх сурвалж: БиБиСи
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.