Жил бүр 10 мянга орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна

2018-04-9 Гэр бүл

Шүүхийн байрны хүлээлгийн танхимд 30 эргэм насны эмэгтэй “Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргах загвар” хэмээх цаасыг нямбайлан бөглөнө. Нөхөртэйгөө таарч тохирохгүй болсон тул ийн гэрлэлтээ цуцлуулахаар шийджээ. Уг нь шууд шүүхэд хандахыг хүссэн ч гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлэдэг байна. Бусад тохиолдолд шүүхээс гадуур буюу эвлэрүүлэн зуучлагч төвд хандаж шийдвэрлүүлэх ёстой хэмээн зөвлөсөн тул ийн маягт бөглөж суугаа аж. Энэ тохиолдолд эвлэрэх тодорхой хугацаа олгодог байна. Зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд энэ хугацаанд бие биенээ ойлгож, гэрлэлтээ цуцлуулахаас татгалздаг бол ихэнх нь анхны шийдвэртээ үнэнч хэвээр үлддэг нь харамсалтай. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн 15 гаруй хувь нь гэр бүлийн эрхзүйн маргаан байжээ. Гэр бүлийн маргаантай хэргийн 78.3 хувь нь цуцлах шийдвэрээр өндөрлөдөг байна.

Гэр бүлээ цуцлах хандлага өссөөр байна

Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас хийсэн судалгаагаар өнгөрсөн жил 4159 хүн гэрлэлтээ цуцлуулжээ. 2012 онд хамгийн цөөн буюу 3878 хүн гэрлэлтээ цуцлуулсан байна. Дээрх 4159 хүнийг тухайн онд гэр бүл болсон иргэдтэй харьцуулбал 20 гаруй хувьтай нь дүйж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, дээрх харьцуулалтаар гэр бүл цуцлалт манай нийгэмд ямар өргөн хүрээтэй байгааг харж болно. Дээрх тоон баримт бол шүүхээр шийдвэрлэсэн хэрэг юм. Гэр бүлээ батлуулаагүй ч үр хүүхэдтэй болоод салж сарнисан тохиолдлыг тооцвол багагүй тоо гарах нь ойлгомжтой. Судалгаанаас харахад 25-45 насны залуус гэрлэлтээ цуцлуулах нь түгээмэл байгаа аж.

Гэр бүлээ цуцлуулах нь олон хүчин зүйлээс хамаарч байна. Хувь хүний төлөвшил хүмүүжил, нийгэм болон эдийн засгийн нөлөөлөл ч үүнд ихээхэн хамааралтай юм. Энэ талаар доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “Гэрлэлт гэдэг нь олон улсын гэрээ конвенцид зааснаар сайн дурын үндсэн дээр бий болдог. Гэр бүл салалт ч гэсэн хувь хүний сайн дурын үндсэн дээр болдог. Дэлхийн улс орнуудад гэр бүл салалт байна. Гэхдээ гэр бүл салалт тодорхой хэм хэмжээтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн улсын гэр бүлийн тоо, тухайн жилд шинээр гэр бүл болсон тоотой харьцуулахад салалт хэр байгаагаас хамаараад салалт нийгмийн сөрөг үзэгдэл болсон байна уу гэсэн асуудлыг тодруулах шаардлага гардаг. Манай улсын хувьд нийгмийн шилжилтийн он жилүүдийн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлсөн байдлаас үүдэн гэр бүлд сөрөг нөлөө үүсэж байна. Гэр бүлийн бүтэц хэв маяг өөрчлөгдөж байна. Тухайлбал, нийлмэл гэр бүлийн тоо ихэслээ, улс дамнасан буюу олон улсын хөдөлмөр шилжилт хөдөлгөөний улмаас тусдаа амьдардаг гэр бүл бий боллоо. Мөн дотоодоо хөдөлмөр шилжилт хөдөлгөөний улмаас тусдаа амьдрах гэр бүлүүд байна. Дахин гэр бүл бологсдын болон өрөөсгөл гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа нь олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүний нэг асуудал бол гэр бүл салалт юм. 1989 оноос гэр бүлийн салалт огцом нэмэгдэж байгаа. Сүүлийн үеийн судалгаануудаас авч үзэх юм бол таван гэр бүл тутмын нэг нь, нийслэл хотын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн харамсалтай тоо баримт бий. Жилд 3000-4000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ тоо баримт зөвхөн албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан иргэдийнх юм. Салж байгаа гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй. Тэгвэл жилд дунджаар 10000 орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна. Шүүхээр гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын мэдүүлэг болон судалгаанаас авч үзэхэд гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл ойлголцлын асуудлууд байна. Хоёрдугаарт, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаанд ордог. Гуравдугаарт, хол тусдаа байсан гэсэн шалтгаанаас үүдэж гэр бүл салж байна“ хэмээн ярьж байна.

Салалт асуудлыг шийдэх гарц биш

Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллах хүн эрс өссөн. Эх орондоо ажил олдохгүй, олдлоо ч гэр бүлээ тэжээхэд хүрэлцэхгүй байдлаас болж ихэвчлэн эрчүүд нь харийн орныг зорьдог. Тухайлбал, зөвхөн Солонгос улс руу ажиллахаа гарсан хүний тоо 100 мянга хол даваад байна. Үүнээс гадна Европын орнууд, Америк зэрэг хөгжингүй улсууд руу гарах боломж олдох юм бол шууд гарч байна. Мэдээж тэд ар гэрээ тэжээж тэтгэхийн тулд харийн улсыг зорьж буй. Энэ үүргээ ч биелүүлж байгаа. Гэхдээ зарим нь удаан хугацаанд гадаадад ажилласнаар сэтгэл холдож гэр бүл салах шалтгаан болж байгаа нь нууц биш. Үүнийг олон улсын судалгаа ч баталдаг. Манайх шиг олон улсын шилжилт хөдөлгөөнд нэрвэгдсэн улс орнуудад гэр бүлтэй иргэдийн 30 хүртэл хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг аж.

Үүнээс гадна гэр бүл салалтад залуучуудын гэр бүлийн боловсрол, хандлага, үнэлэмж, үзэл бодол чухал нөлөө үзүүлж байгааг судлаачид хэлдэг. Орчин үеийн зарим залуус гэр бүлийг үүрэг хариуцлага гэдгээр хүлээж авахгүй байгаа нь эмгэнэл аж. Түүнчлэн, хүүхэдтэй болоход хүлээх үүрэг хариуцлагын асуудал маш сул болчихсон. Мөн залуучуудыг гэрлэлтэд бэлтгэх тогтолцоо байхгүйгээс болоод гэрлэлтийн талаарх ойлголт мэдээлэлгүй байгааг судлаачид хэлсэн. Иймээс төрөөс гэр бүл төлөвлөлт, үүрэг хариуцлагатай холбоотой томоохон сургалтуудыг зохион байгуулах ёстой хэмээн доктор Б.Оюун-Эрдэнэ онцолсон. Залуус гэрлэлтээс хүлээх хүлээлт, гэрлэлтийн бодит үнэний зөрүүнээс болсон анхны жилүүдийн давааг туулж чадахгүй шантардаг. Үүнээс шалтгаалж салъя гэж боддог байна. Үнэндээ салалт асуудлыг шийдэх гарц биш. Харин ч дараа дараагийн асуудлуудыг салалт бий болгож өгдөг. Гэр бүл салснаараа хүүхдийн ирээдүйд сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл хэмээн ярьдаг. Хичнээн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг аавыгаа хүүхдүүд шоронд оруулъя гэж боддоггүй. Харин аавыгаа засраасай, өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Тэгэхээр асуудалтай болон, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэр бүлүүдэд зөвөлгөө өгч, тусалж дэмждэг мэргэжлийн байгууллагуудыг олноор бий болгох хэрэгтэй аж.

Хамгийн том хохирогч нь хүүхэд

Гэр бүл салалтаас хамгийн их хохирдог хүн бол хүүхэд. Үүнээс үүдэлтэйгээр хүүхэд олон хямрал бий болдог байна. Энэ нь тухайн хүүхэд хэдэн настай байхаас хамаараад эцэг эхийн маргааныг янз бүрээр хүлээж авдаг аж. Тухайлбал, бага насны хүүхдүүд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй учир гэр бүл салж байгааг сайн ойлгохгүй гэж боддог. Гэтэл тухайн хүүхэд эцэг, эх салж байгааг зөнгөөрөө мэдэрдэг байна. Ингээд салсан аав, ээжийгээ санаж бэтгэрнэ, ой тогтоол болон анхаарлын төвлөрөл муудна. Түүнчлэн орондоо шээх, ууртай, уйланхай болох зэрэг ааш зангийн тогтворгүй сөрөг шинж бага насны хүүхдүүдэд түгээмэл илэрч аж. Ялангуяа, сургуулийн бага насны хүүхдүүд хичээлээ ойлгохгүй байх, ганцаардмал болох, хичээл сурлагандаа муудах, хэн нэгнийг үзэх ядах зэрэг сэтгэлзүйн хямралд ордог байна. Харин өсвөр насныхны хувьд эцэг, эх хоёрынхоо хэн нэгнийг буруутгах эсвэл өөрийгөө азгүйд тооцдог аж. Мөн өөртөө итгэх итгэлгүй болно. Ууртай, өшөө хорслын байдалтай болох зэрэг сэтгэлзүйн сөрөг хандлага илэрдэг аж. Магадгүй өсвөр насныхан эцэг, эхийнхээ таарамжгүй байгаа байдалд өөрийгөө золисонд гаргах хандлагатай болдог байна.

Залуу гэр бүлд зориулсан сургалт, зөвлөгөө чухал

Мэдээж үзэл бодол нь төлөвшсөн, амьдрал үзэж хал суусан хүмүүсийн хувьд гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг хэн нэгэн өөрчлөхөд төвөгтэй. Харин залууст гэр бүлийн үнэ цэнэ, амьдралд бий болох бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар төрөөс бодлогын түвшинд сургалт, зөвлөгөө өгөх нь ихээхэн чухал болохыг хэлсэн. Учир нь амьдралын зүй ёсны бэрхшээл буюу гарцаагүй тохиолдох асуудлуудаа зөвөөр ойлгож чадаагүйгээс салдаг байна. Өөрөөр хэлбэл, залуу гэр бүлийн хувьд эхний таван жил хямралын үе байдаг аж. Хоёр өөр үзэл бодолтой, өөр хандлагатай бие хүмүүс зохицон амьдрах үйл явц явагдаж байна. Энэ үедээ их салдаг. Хоёрдугаарт, залуучууд бие дааж амьдрах чадваргүй байдаг. Амьдрал аваад явах чадамжгүйгээс болж гэр бүлийн амьдрал хүнд байдал ордог. Энэ байдлаа даван туулж чадаагүйгээ нэгнээ буруутгаж салдаг. Гуравдугаарт, хадмуудын оролцоо ихээхэн нөлөөтэй байдаг аж. Иймээс гэр бүл зохиосноор бий болох үүрэг хариуцлагыг сайтар ойлгуулснаар илүү ухамсартай шийдвэр гаргаж гэр бүл нь бат бөх байдаг байна.

Эх сурвалж: Newsmedia.mn

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.