НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018-03-26 Нийслэл

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаргал “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 25040 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 1580 нэгжээр өссөн байна. Хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 167 нэгжээр өсч, бусад төрлийн гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 89 нэгжээр буурсан. Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2400 аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс орон сууцны 1 дүгээр давхарт ресторан 356, кафе 143, баар 58, нийтийн орон сууцны ойр орчимд 311 баар, цэнгээний газар, ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо 100 метрт 114 баар, цэцэрлэгийн ойр орчимд 63 баар байрлаж байна. Дээрх байршлуудад 1045 баар, караоке, цэнгээний газар байгаа нь нийслэлд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын 43.5 хувийг эзэлж байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2552 дуудлага мэдээлэл хүлээн авч 813 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 654 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 566 бүртгэгдэж 13.5 хувиар буурсан байна. Тээврийн Прокурорын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу насжилтаар хасагдсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл-хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж 21 чиглэлийн 183 автобусыг шалгахад 118 автобусанд байвал зохих дагалдах хэрэгсэл байхгүй зөрчил илэрсэн. Байгууллагуудад хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгуулсан ба нийт жолооч, инженерийн 1423 ажилтан, албан хаагч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой сургалт, сурталчилгаа явуулсан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 109 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 90, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 22 иргэний амь биеийг авран хамгаалсан. Сүхбаатар дүүрэгт 18, Сонгинохайрхан дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 3, Налайх дүүрэгт 1, нийт 39 шар усны үерийн дуудлага бүртгэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагууд үерийн хор уршгийг арилган ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл өрхүүдийн хашааны газрууд хөрсний хувьд намгархаг, цэвдэгтэй, ус зайлуулах суваг байхгүй улмаас 117 айл өрх шар усны үерт автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, мэргэжлийн байгууллагуудыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, дарга, удирдлагад тодорхой үүрэг өгч, орон нутгийн нөөц хөрөнгөөс зардлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Булаг шанд, үерийн хамгаалалтын далан суваг, хурын ус зайлуулах зам талбайн хийц, бүтээцийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлагдсан хог хаягдлын байдлыг шалгахад, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх, 279 аж ахуйн нэгж, байгууллага байрлаж байна. Гар дээрээс ил задгай худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд нийт 5 удаагийн хяналт шалгалтыг хийж, дүүргүүдийн Засаг дарга нарт ил задгай худалдааг цэгцлэн ажиллах талаар 02-01/496, 02-01/2416 дугаар албан бичиг, 02-01/268 дугаар мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл, дүүрэг, агентлаг, харъяа газрын хэмжээнд энэ онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэлийг хангуулах, нийслэлд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” систем нэвтэрсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлын мэдээ, мэдээллээ энэ сарын 30-ны дотор оруулж дуусгах хэрэгтэй” гээд “Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан тул хэрэгжилтийг хангаж ажиллах, “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг эрчимжүүлж ажиллах, Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулж, вакцинжуулалтыг хугацаанд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, урьдчилан сэргийлэх хяналт-шалгалтыг тогмол зохион байгуулах, Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.