Их Британийн талд ажиллаж байсан тагнуулыг хордуулсан хэрэг Их британийг түгшээж байна. Тус улсын хэвлэлүүдэд энэ хэргийг ОХУ зохион байгуулсан байж магадгүй гэсэн хардсан агуулгатай мэдээлэл зонхилж байгаа юм. Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон өчигдөр энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлж, “Тагнуулын хэрэгт ОХУ оролцсон бол хариуг нь хатуухан өгнө” гэж мэдэгдлээ.
Их Британийн талд тагнуул хийж байсан нь илчлэгдэж, 2006 онд “Эх орноосоо урвасан” хэргээр Москвад ял шийтгүүлж байсан тагнуулч Сергей Скрипаль энэ сарын 5-ны өдөр Английн Солсбери хотын эмнэлэгт хордсон байдалтайгаар хүргэгдсэн.
Энэ хэрэг англичуудад Холбооны аюулгүй байдлын албаны офицер агсан А.Литвиненкогийн хэргийг (А.Литвиненко нь 2006 онд цацраг идэвхит полонийд хордсон байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэж нас барсан. Хилийн чандад гарсан тагнуулчаа Креемль хойноос нь хүн явуулж хөнөөлгөсөн гэсэн таамаг байдаг) сануулж байгаа юм.
Сергей Скрипаль нь 1951 онд төрсөн, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байгаад 1999 онд хурандаа цолтойгоор халагдаж, 2003 он хүртэл Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан, цэргийн тагнуулын мэргэжилтэй нэгэн юм. Тэрээр Их Британийн талд тагнуул хийдэг байсан нь тогтоогдож, 2006 онд шүүхээс 13 жил хоригдох ял сонссон бөгөөд Их Британи улс 2010 онд ОХУ-тай баригдсан тагнуулуудаа солицох үед тэдний тоонд багтан Их Британи руу гарч, тэндээ амьдарч байжээ.
Б.Сайханаа
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.