Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдав

2017-12-7 Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг  хуралдав. Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах юм.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ даргалж гишүүдээр нь Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг нийслэлийн харьяа агентлагууд оролцлоо.

Мэдээлэл технологийн газраас төслийн хүрээнд хэрэгжиж байгаа open.ulaabaatar.mn системд хийгдсэн тендерийн үйл ажиллагааны процессийг кодолж дуусгасан, програмд өгөгдөл оруулж туршилт хийх ажлын шатандаа явж байгаа талаар танилцуулсан юм.

Мөн уг төсөл арга хэмжээний явцыг тооцох аргачлал, системээс ямар төрлийн тайлан авах, системийн ARCGIS map дээр хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын байршлыг ямар байгууллага оруулах, системийн иргэдээс санал авах хэсэгт хэн хариу өгөх гэх мэт зүйл дээр ажлын хэсэг санал солилцож зарим нэгэн журмыг тодорхой тусгахаар боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.