Нийслэл Улаанбаатар хот ирэх онд хэдэн төгрөг төвлөрүүлж, зарцуулах вэ гэдгээ өнөөдөр хэлэлцлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр хотын удирдлагууд ирэх онд хотын хөгжлийг хороодод чиглүүлэхээ илэрхийлж байв.
Хуулийн дагуу нийслэлийн 2018 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 25-нд НИТХ-д өргөн барих ёстой. Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд иргэдийн саналыг авах нь чухал байгаа аж. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн иргэдийн төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийллээ.
Ирэх онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 16.3 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд энэхүү хөрөнгийг нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Улмаар ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 58 хувийг Хувь хүний орлогын албан татвараас бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна.
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ирэх онд Замын цагдаагийн өмнөх уулзварын ажил, Сонсголон, Яармагийн гүүр болон Налайх, Чойрын замын ажлуудыг эхэлнэ гэдгийг хотын удирдлагууд онцлов. Мөн 1002 айлын орон сууцны ажил эхлүүлэхээр төсвийн төсөлд тусгасан бөгөөд 2020 он хүртэл түрээсийн орон сууцыг дор хаяж 10 мянгад хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой орц, гарцыг чөлөөлөх ажил 2018 онд үргэлжлэх юм байна. Улмаар БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөс нийслэлийн алслагдсан хороод болох Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шаргаморьт, Дарь-Эх, Гачуурт зэрэг газарт усан сан байгуулах болон инженерийн дэд бүцийн шугам татахад зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн үеэр Нийслэлийн Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү 2017 оны төсвийн 60 орчим хувийг дэд бүтэц, барилгын ажилд зарцуулсныг онцолсон юм.
Төсвөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд дунд хугацаанд татварын орчныг тогтвортой байлгаж, татвар хураалт, хяналт, эрсдлийн үнэлгээг бодитой, татвар төлөгчдөд чирэгдэлгүй байхад нийслэлээс анхаарах аж.
2018 оны төсвийн төслийн талаар саналаа хэлсэн иргэд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, гэрэлтүүлэг, камерын хяналтыг сайжруулах, дэд бүтэц, автозам, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тодотгов.
Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 61.0 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50.0 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.
2018 оны төсвийн төсөлд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2017 оны түвшнээс 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн хянажээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.