Нийслэлийн Засаг дарга С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа болон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд оролцов.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс надтай болон НЗДТГ-ын зарим удирдлагатай уулзах хүсэлт гаргасны дагуу өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй НЗДТГ хамтарч ажилладаг бөгөөд олон сургалтыг зохион байгуулдаг. Нийслэл нь Монгол Улсын хүн ам, эдийн засаг зэрэг бүхий л үзүүлэлтээр 50-60 хувийг эзэлдэг. Нэг үгээр улсын доторх улс гэж хэлж болно. Тиймээс авлигын асуудалд нэлээн анхаарал хандуулж ажилладаг. Өнгөрсөн оны сонгуулиас хойш бид бүхэн ажлаа аваад нэг жил хагасын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө олон ажлыг зохион байгуулаад байгаа билээ. Өчигдөрхөн бид 2018 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлээ НИТХ- аараа батлууллаа. Нийслэлийн хэмжээнд “Авлигын эсрэг нийслэл” хөтөлбөрийг батлаад, 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2017 оны төлөвлөгөөгөөр бид 14 зорилт, хэрэгжүүлэх 29 арга хэмжээтэй байхаар боловсруулж батлуулсан. Төрийн байгууллагын хувьд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтэд нээлттэй ил тод байх явдал чухал юм гэдгийг тодорхойлоод энэ хүрээнд ажиллаж байгаа” хэмээлээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Бид бүхэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн 4 дэх зөвлөл нь юм. Өмнө нь ажиллаж байсан Олон нийтийн зөвлөлүүдийн ажиллаж байх үеийн хууль эрх зүйн орчин энэ удаад өөрчлөгдсөн. Бид бүхний ажлын гол чиг үүрэг бол авлигын асуудлыг арилгах,таслан зогсоох, ард түмнийг соён гэгээрүүлэхэд оршиж байгаа. Манайх 15 гишүүнтэй. АТГ дангаараа авлигын эсрэг тэмцэж түүнийг арилгана гэдэг боломжгүй. Тиймээс ялангуяа төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч, удирдлагуудтай хамтран ажиллаж авилгын асуудлыг таслан зогсоох нь зүйтэй юм гэж бид үзэж байгаа билээ. Нийслэл бол том айл гэдгийг та түрүүн онцоллоо. Нийслэлийн харьяа агентлаг, дүүргүүдээр дамжуулан маш олон харилцаанууд явагдаж байдаг: Тиймээс хүнд суртал, албан тушаалынхаа эрх мэдлийг өөртөө буюу бусдад давуугаар олгосон байдал, магадгүй зарим удирдлагын гаргасан тушаал шийдвэр, захирамжууд хууль эрх зүйн алдаатай гарсан байхыг үгүйсгэхгүй. Бидний гол зорилго бол та бүхэнтэй ямар чиглэлд хамтарч ажиллах боломж байгааг ярилцаад 4 жилийн турш нягт холбоотой байж ажиллахын тулд санамж бичиг байгуулах саналтай байна. Манай байгууллагад одоогийн байдлаар 79 төрлийн гомдол ирсэн байгаа. Үүнээс цэцэрлэг, сургууль боловсролын байгууллагатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь нийслэлийн Боловсролын газартай салшгүй холбоотой гэж бид үзэж байгаа юм” хэмээгээд ирэх сарын 9-нд болох Авлигатай тэмцэх олон улсын өдөр нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх ажилд хамтран оролцох санал тавьлаа.
НЗДТГ-ын зүгээс 2017 оны арванхоёрдугаар сарын 9-нд болох олон улсын Авлигатай тэмцэх өдрийг АТГ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, хамтран ажиллахаа хэллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.