Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын дарга С.Амарсайхан ажлаа авсныхаа дараа манай сайтад анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
-Жаахан хожуу ч гэсэн НИТХ-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Нийслэлийн өнөөгийн байдлыг сайжруулах ямар зорилго дэвшүүлээд ажиллаж байна вэ?
-Төрийн байгууллагын хариуцлага, уялдаа холбоо, ажилчдын ур чадвар, мэргэжлийн ёс зүйг сайжруулахаас бүх зүйл шалтгаална. Тэгэхээр хамгийн түрүүнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлыг иргэдэд нээлттэй болгоно. Мэдээллийн нэгдсэн сан байгуулж, ямар ч албан тушаалтны ажлыг хянах боломжийг иргэдэд олгох шаардлагатай. Үүнээс гадна дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалт, нийслэлийн үнэлгээний комиссын ажлыг шилэн болгоно. Тухайлбал, тендер шалгаруулалтыг телевиз, онлайнаар шууд явуулдаг болохын төлөө ажиллана.
-Нийслэлийн төр, захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагааг шилэн болгоно гэдэг ээдрээтэй ажил. Тэгэхээр таниас ам асуумаар байна?
-Миний хувьд эргэлзэлгүй тийм гэж амлалт өгөөд, ажиллана гэж бодож байна. Яагаад гэвэл, төрийн алба хариуцлагатай, зарчимтай байх ёстой. Үүнийг бодит ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ. Мэдээж эсэргүүцэл, бэрхшээлтэй тулгарахыг үгүйсгэхгүй. Үүнээс би ухарч эмээхгүй. Намайг ажлаа аваад 20 хоноход нийслэлийн төрийн байгууллагуудын авлига, хүнд сурталтай холбоотой олон арван гомдол ирж байна. Өмнө нь ч ийм гомдлууд ирдэг байсан байх. Нийслэлийн төрийн байгууллагын үйл ажиллагааг шилэн болгож, хэн ч хаалганы цаана хуйвалдаж чадахгүй байх тогтолцоог бий болгохын төлөө ажиллана. Энэ ажилд мэдээж цаг хугацаа орох байх.
-НИТХ багагүй хугацаанд хуралдаж чадсангүй. Энэ нь юутай холбоотой вэ?
-НИТХ-ын чөлөөт цагт хотын үйл ажиллагааг явуулж байх үүднээс НИТХ-ын тэргүүлэгчид хуралддаг. Энэ сарын 9-нд тэргүүлэгчид хуралдаж, НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 15-нд, ээлжит хуралдааныг 24-нд зарлалаа. Энэ хуралдаанаар ирэх оны төсвийг батална. Өнгөрсөн хугацаанд хуралдаагүй нь зохион байгуулалтын асуудлаас үүдэж байсан. Аль болох богино хугацаанд хурлын үйл ажиллагааг жигдрүүлэхээр зорьж байна.
-Өмнөх дөрвөн жилд хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлэх үү?
-Тэр нам, энэ нам гэхээс илүү тухайн төсөл хөтөлбөр тооцоо судалгаа сайтай, үр дүнтэй байвал бид үргэлжлүүлээд явна. Буруу, дутуу байвал алдааг нь засч, хүний өөрийн нам гэлтгүй ажлаа явуулах нь бидний үүрэг. Яагаад гэвэл нийслэлчүүд бидний ажиллаж байгаа хот нэг, амьсгалж байгаа агаар нэг, амьдралд тулгамдаж байгаа асуудал нэг. Тэгэхээр нийслэлийн нийтлэг эрх ашгийг тодорхойлоод, нэгдсэн зохион байгуулалттайгаар богино хугацаанд бодитой үр дүнд хүрэх ажлыг хийнэ. Ялангуяа дэд бүтцийн ажлыг эрчимтэй, түргэн шуурхай явуулах шаардлагатай байна. Тухайлбал, дүүрэг хоорондын зам, гүүрэн гарц, давхар зам, гэр хорооллыг орон сууцжуулах шинэ төсөл гэх мэт.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил цаашид ямар бодлогоор хэрэгжих вэ?
-Өмнө нь хэрэгжсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үр дүнд хүрээгүй. Тэгэхээр одоо эхний ээлжинд нэг дүүргийг сонгож авна, жишиг дүүрэг байгуулна. Энэ том ажлыг захаас нь барьж аваад, зохион байгуулалттай явахгүй бол замбараагаа алдсан. Нийслэлийн өнцөг булан бүрт баахан хөрөнгө тарамдсан. Иргэд нь ч итгэл алдарсан. Тэгэхээр хороолол гэдэг чинь ийм байдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхүйц жишиг дүүрэг байгуулна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар ч байсан үргэлжлүүлэх юм байна. Тэгвэл хэрэгжих зарчим нь ямар байх вэ?
-Иргэд газраа худалдаж болно, байраар сольж болно. Бид санхүү талаас нь олон талын боломж олгоно. Юуны өмнө түрээс төлөөд, тэр түрээсийг төлбөрт тооцоод 20 жилийн дараа байраа өөрийн өмчид шилжүүлж болно. Хоёрдугаарт, газраа байраар солих хувилбар байж болно. Энэ ажлыг нэгдсэн зохион байгуулалттай эхлүүлж байж үр дүнд хүрнэ. Үүний зэрэгцээ гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох боломжийг судалж байна. Одоо бид сэтгэлийн хөдлөлөөр, тооцоо судалгаа багатай, гадны санаа хуулаад алдах биш Монгол оронд тохирсон хувилбар гаргаж ирнэ.
Үүний тулд НИТХ-ын дэргэд “Хотын хөгжлийн зөвлөл” байгуулна. Албан бусаар ажиллах юм. Энэ зөвлөлд гадны зөвлөх, дотоодын эрдэмтэн, судлаачид, иргэд, мэргэжлийн багийн төлөөлөл багтана. Хот гэдэг бол нэг компани, аж ахуйн нэгж биш. Хотын бүх тооцоо судалгааг хэдхэн агентлаг хийж байгаа нь хангалтгүй. Тэгэхээр “Хотын хөгжлийн зөвлөл” сард нэг удаа хуралдаж, иргэд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийдэг болно. Үүн дээр үндэслэж НИТХ бодлогоо тодорхойлж, ажлаа гүйцэтгэдэг, үр дүнг нь иргэд өөрсдөө хянадаг тогтолцоо руу орох ёстой. Энэ төлөвлөгөөг өнөөдөр /2017.11.15/ хуралдаанаар хэлэлцэж батална.
-Хотын түгжрэлийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Түгжрэлийг арилгахын тулд, зам дэд бүтэц, нийтийн тээврээ сайжруулах ёстой. Мөн хурдны замын автобустай болно. Энэ төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжихээр шийдвэрлэгдээд дөрвөн жил болж байна. Өнөөдрийг хүртэл шүүгээнд хадгалагдсан. Төсөл хэрэгжих хугацааг хоёр удаа сунгасан. Одоо дахиад сунгах эсэх асуудал яригдаж байна. Хэрэв хугацааг нь сунгаж чадахгүй бол буцаан татагдана. Энэ төслийг эрчимтэй явуулах замаар нийтийн тээврийн салбарт шинэ дэвшил авч ирнэ.
-Нийслэлд шинээр тусгай зам тавина гэсэн үг үү. Зам дагасан барилга байгууламжийг хэрхэн шийдэх вэ?
-Нэг, хоёрдугаар үе шаттай хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Нийслэлийн машин багтахгүйдээ гол нь биш, жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаад, дүрмээ баримтлаад явбал болохгүй зүйл гэж байхгүй. Улаанбаатараас нарийн замтай хотууд түгжрэлгүй явж болоод л байна. Тэгэхээр одоо байгаа замаа ашиглаад, өргөтгөхийг нь өргөтгөөд явна. Тусгай замаар зөвхөн автобус явна.
-Таныг НИТХ-ын даргад нэр дэвшиж байхад нэрээ татахыг шаардаж дарамталсан гэх яриа гарсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Нэр дэвших үед янз янзын асуудал яригдаж байсныг бүгд мэдэж байгаа. Одоо үүнийг ярих нь онц чухал биш. Харин бид цаашдаа нийслэлийн ажлыг хэрхэн үр дүнтэй явуулах вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой гэж бодож байна.
-Одоогоор НИТХ дахь МАН-ын бүлгийн уур амьсгал ямар байна вэ?
-НИТХ дахь МАН-ын бүлэг хурлаа хийж байгаа. Дээр нь хурлын үйл ажиллагааг аль болох жигд явуулах тал дээр хичээж байна. Мэдээж олон хүн ажиллаж байгаа учраас үзэл бодлын зөрүү гарна. Ганц нэг хүмүүсийн эсрэг байр суурийг тэр чигт нь болохгүй байна гэж харвал өрөөсгөл юм. Өмнө нь бүлэг 2, 3 хуваагдсан гэдгийг бүгд ярьж байгаа. Тухайн цаг үед тодорхой асуудлаар, хэн нэгний талаар байр сууриа илэрхийлж байсныг байнга хагаралтай байх мэтээр ойлгож, бүлэг дотроо туйлшруулах асуудал байж болохгүй.
-Та “Оюуны Ундраа” группийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Энэ компанийнхаа эрхийг шилжүүлсэн үү?
-Урьд нь бизнесээ эрхлэхийн хажуугаар Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. НИТХ-ын дарга орон тооны албан тушаал учраас давхар хувийн хэвшилд ажиллахыг хуулиар хориглодог. Тиймээс миний хувьд хуулийн дагуу зөвхөн НИТХ-ын даргын эрх, үүргээ биелүүлж ажиллана. Үүний хажуугаар аж ахуй эрхэлж болохгүй учраас компанийнхаа ажлыг шилжүүлж өгсөн.
-Таны албаны машин урсгал сөрсөн гэх мэдээлэл цацагдаад байсан. Та яагаад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн юм бэ?
-Үүнд тайлбар өгөх нь зөв байх. Нэгдүгээрт, би тэр албаны машинаараа 2-3 удаа л зорчсон. Хоёрдугаарт, би өнөөдрийг хүртэл хувийн машинаа албандаа хэрэглээд явж байгаа. Олон нийтэд цацагдаад байгаа тэр бичлэг кино зураг авалт шиг л юм болсон байна лээ. Намайг харлуулах гэсэн хүмүүсийн явуулга байх. Авто замын урсгал сөрж байсан тэр машинд би байгаагүй, хэрэв би сууж явсан бол хэзээ ч тийм үйлдэл гаргуулахгүй.
Т.Давааням
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.