Манай дэлхийн хамгийн жижигхэн улсын нэг Бруней Даруссалам нь өтгөн ой модоор бүрхэгдсэн, үзэсгэлэнт байгальтай, жуулчдыг татах үндэсний олон онцлогтой орон юм. Бруней улсын нийслэл нь Бандар-Сери-Бегаван. Ердөө 5765 хавтгай дөрвөлжин талбай бүхий газар нутагт оршдог энэ улс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд 172-т бичигддэг. Хүн амынхаа тоогоор манай улсаас долоо дахин бага буюу 389.000 иргэнтэй. Энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд 175-т жагсдаг. Хэдий бага нутагтай, цөөхөн хүн амтай ч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог. Албан ёсны хэл нь Малая. Мөн Англи, Хятад хэлээр ярьдаг.
Бруней улсын Султан Хассанал Болкиах нь дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан удаатай. Султаны ордон дэлхийн орон сууцны барилга байгууламжуудаас хамгийн томд тооцогддог. 58 акр талбай бүхий Эллис аралд арай ядан багтах 49 акр энэхүү ордон нь 1788 өрөөтэй, 257 угаалгын өрөөтэй /Гэхдээ бидний мэддэгтэй зүйрлэх ч хэрэггүй, учир нь алтаар өнгөлсөн тосгууртай/, барилгын нийт талбай 200.000 м.кв. Нэг өдрийн дотор цэвэрлэж амжихааргүй энэ том ордонд Султаны гэр бүлийнхнээс гадна тус улсын Засгийн газар байрладаг. Мусламын шашны тооллоор сарын сүүлийн өдрүүдэд олон нийтэд нээлттэй үйлчилдэг.
Бруней улсад боловсрол болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг. Эрүүл мэндийн системээрээ Ази тивдаа хамгийн сайн нь.
Эдийн засгийн гол түшиг тулгуур нь түүхий нефьт, байгалийн хий юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувь нь газрын тосны үйлдвэрлэл байдаг. Ойролцоогоор өдөрт дунджаар 180.000 баррел /29.000 метр куба/ газрын тос олборлож байгаа тус улс газрын тосны нийлүүлэлтээрээ өмнөд Азид гуравдугаарт ордог бол шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог байна. 1978 онд өдөрт 240.000 баррель газрын тос олборлож байсан нь хамгийн оргил үе юм. 1980 онд “Elf Aquitaine” хэмээх Францын компани Брунейд газрын тос олборлох эрхийг авчээ. Гэхдээ түүнээс хойш төлөвлөгөөтэйгээр газрын тосны олборлолтыг бууруулж, нөөцөө хэмнэх тал дээр анхаарал тавин, зарим газрыг дархан цаазат болгожээ. Ингэснээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг давхар бүрдүүлж чадсан юм.
Ашигт малтмалынхаа нөөцөөр асар их хөлжсөн энэ улсын иргэд нь ч бас хангалуун амьдрах нь тодорхой. Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар, газрын хэвлий дэх баялгаа гамгүй ашиглаж байгаад нөөц нь дуусах цагт брунейчүүдийн ирээдүй тун бүрхэг болно. Учир нь ганцхан энэ салбараар эдийн засгаа залгуулж байсан тул бусад салбарт бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй гэнэ.
Ашигт малтмалынхаа нөөцөөр дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа манай улс ч гэсэн газрынхаа баялагт дулдуйдаж, ганц энэ салбарыг түшилгүйгээр бусад салбараа зэрэгцүүлэн хөгжүүлэхэд хөрөнгө хүч хаях хэрэгтэй.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.