У.Хүрэлсүхийн танхимд баяр хүргэе

2017-10-26 Нийтлэл

У.Хүрэлсүхийн танхим өчигдөр хуралдаж, улс оронд буянтай шийдвэр гаргажээ. Зүй нь “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10, 348, 111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах хоёр сая таван зуун тавин мянган ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгасан сайхан мэдээ дуулдав. Мөн тус компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг болгожээ.

Өөрөөр хэлбэл, тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа энэ оны зургаадугаар сард ирүүлсэн мэдээтэй. Харин одоо талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцөлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх юм байна. Ингээд л шинэ засгийн тэргүүн маань харилцаа холбоогоо өөрийн улсын гар дээр бүрэн авах нь дээ. Зүй нь аливаа улсын цахилгаан холбооны салбар бол аюулгүй байдлынхаа нэг эд эс нь байдаг. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд тус компанийн нэгээхэн хэсгийг харийн оронд худалдсан явдал нь олны хэл амны бай болсоор ирсэн. Харин өдгөө Монгол Улсын 30 дахь Засгийн газрын үед ийнхүү дотооддоо төвлөрөх боломжтой болж байна.

Цаашлаад, тус компанийн орлого чамлахааргүй хөрөнгө төвлөрүүлдэг билээ. Тодруулбал, өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Компани 1996 оноос хойш өнөөг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Засгийн газарт 10 гаруй тэрбумын ногдол ашиг хуваарилжээ. Энэхүү цэвэр ашгийг ядарсан эдийн засагтаа далайд дусал нэмэр л шүү дээ.

С.Гэрэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.