Газар чөлөөлүүлэх ажил явагдсаар байна

2017-10-26 Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан.

Энэхүү захирамжийн хүрээнд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах газрын зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдаж байна. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Газрын албанаас нийт 129 байршилд явган хүний зам, авто зам хаасан, орц гарц, авто машины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн объектуудыг /ТҮЦ, контейнер, павильон / чөлөөлөх ажил хийгдэж байгаагаас энэ сарын 20-ны байдлаар 78 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Мөн Газрын зөрчил арилгах арга хэмжээтэй уялдан иргэдийн зүгээс “Зам Чөлөөл” уриалга явагдаж эхэлсэн бөгөөд сошиалаар 80 байршилд орц гарц чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснээс одоогийн байдлаар 37 байршилд газар чөлөөлөх ажил хийгдсэн байна. Нийслэлийн Газрын албанаас гаргасан судалгаа болон иргэдийн зүгээс сошиалаар ирүүлсэн нийт 207 зөрчлийн 115 байршилд буюу 55,5 хувьд газар чөлөөлөлт хийгдсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.