“Хангарди-2017” спорт наадам эхэллээ

2017-10-21 Нийслэл

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтануудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хангарди-2017” спорт наадам эхэллээ. Энэхүү наадамд 10 багийн 420 гаруй тамирчид сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцож байна.
Тус тэмцээнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж үг хэлэхдээ: Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг. Өмнөө тавьсан зорилго, хурд хүчийг агуулсан идэвхитэй хөдөлгөөн урагшлах амьдралын бас нэгэн чухал хэмнэл юм. Хэл яриа, шашин шүтлэг, үзэл бодол хэмээх ялгаатай олон зүйлсийг таягдан хаяж нэгэн дээвэр дор нэгдэж нийлэх боломжийг олгодог нь спортын гайхамшиг билээ. Ард иргэд, олны түмний төлөө нэгэн сэтгэлээр зүтгэхээ амлан сонгогдож ирсэн иргэдийн хурлын төлөөлөгчид. Энэ улсын зүрх нь болсон Улаанбаатарчуудын сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа нийслэлийн ажлын албаны ажилчдад амжилт хүсий гэлээ.
Энэ жилийн хувьд Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жил, Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаар онцлог байна гэж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэлийн албанаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.