УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.18) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 31 минутад эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэрээ ажлын хэсгийн бүрэлдэхүүн хангалтгүй гэдэг үндэслэлээр асуудлыг хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Улсын хэмжээнд өөрийгөө санхүүжүүлдэг долоон аймаг байдаг бөгөөд тэдгээрийн ОНХСанд үлдсэн орлогыг холбогдох хуулийн дагуу Сангийн яам төвлөрүүлэн татаж буй нь аймгуудын орлого төвлөрүүлэх идэвхийг бууруулах эрсдэлтэйг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир сануулаад энэ талаар ямар зохицуулалт хийх боломжтой талаар тодруулав. Мөн хүүхдийн мөнгийг олгох хувийг нэмэгдүүлэх, багш, эмч нарт урамшуулал олгох, нэг удаагийн тэтгэмж олгох зэргээр цалинг нэмэгдүүлэх гарцыг эрэлхийлэх, эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах талаар хэлэлцэж буй төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг лавлав.
2017 оны төсвийн тодотголын төсөлд энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор 104.5 тэрбум төгрөгийг тусгасан болохыг ажлын хэсэг танилцуулсан. Мөн хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах үүднээс эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авахад иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусын идвэхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж буй үйл ажиллагаа нь өргөжиж байгаа тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийтдээ 19 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаад байгааг тайлбарлаад эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах талаар 2018 оноос тодорхой арга хэмжээ авах боломжийг судалж буйг дуулгав. Өөрийгөө санхүүжүүлдэг аймгуудын ОНХСангийн үлдэгдлийг татан төвлөрүүлэх зохицуулалт бүхий хуулийн үйлчлэл 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс дуусгавар болох юм байна. Түүнчлэн Сангийн яам ирэх онд ОНХСангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгааг хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төсвийн орлогын илүүдлийг эдийн засгийн өсөлт бий болгох зориулалтаар зарцуулах талаар ямар бодлого баримталсан болохыг тодруулж асуун ажлын хэсгээс хариулт авлаа. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.