-Цаг тооллын маргаан дахин сэдэрчээ-
Сүүлийн нэг хоёр жил намжмал байдалтай байсан цаг тооллын маргаан өнөө жилийн цагаан сар буюу билгийн улирлын шинэ жилтэй холбоотойгоор дахин сэргэн босож иржээ. Идэвхтэй маргадаг хоёр тал буюу Азийн “Шар зурхай”-г баримтлагсад (Монголын чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн, зурхайч М.Намсрай тэргүүтнүүд) мөн Төгс буянтын гэх 1704 онд Сүмбэ хамба Ишбалжир гэгч шашны зүтгэлтний зохиосон зурхайг баримтлагсад (Монголын бурхан шашинтны төв Гандандэгчилэн хийдийн лам нар) ард нийтэд хандан өөр өөрийнхөөрөө мэдээлэл хийцгээж байна.
Зурхайч М.Намсрай “Монголчууд бид цагаан сараа 1807-2016 оны хооронд 209 удаа тэмдэглэхдээ 134 удаа буруу, 75 удаа зөв өдөр шинэллээ. Түвдийн зурхайгаар цагаан сараа тэмдэглэвэл 2016-2046 оны хооронд дахиад 23 удаа буруу шинэлэхээр байна. Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй өдрүүдэд мэндэлсэн хүүхдүүд амьдралынхаа туршид буруу жилтэй, буруу төөрөгтэй амьдарна. Жишээлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд мэндэлсэн хүүхдүүд Монгол шар зурхайгаар тахиа, Төгс буянт зурхайгаар мичин жилтэй болох нь.
Төгс буянт зурхайнхан энэ жилийн цагаан сарыг хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ гэж үзэж байгаа нь буруу. Монголчууд цагаан сараа нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэх нь зүйтэй” Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн. Энэ зурхайг одоо зөвхөн Монгол, Түвд хоёрт л хэрэглэж байна” хэмээн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн бол үүний эсрэг Гандандэгчилэн хийдийнхэн бас хэвлэл мэдээллээр мэдээлэл, ярилцлага гаргажээ.
Тэрээр уг хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Одьгарьд ламтан “Гандантэгчилэн хийд, бурханы шашны зонхилох байгууллагууд, төр засгийн зүгээс ч нийтлэг мөрдөж буй он тооллын зурхайгаа алдаа мадаггүй гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ дагуу ирэх жилийн сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохиох хэвээрээ. Ирэх сарын 26-нд бичин жилийн өвлийн адаг сарын битүүн тохионо. Хувь хүний хийж байгаа мэдээлэл дээр бид байр сууриа илэрхийлэх шаардлагагүй. Ард иргэд олон хүний өөр өөр мэдээлэлд автахгүйгээр төрийн барьж байгаа баримтлал, шашны зонхилох байгууллагуудаас барьж байгаа зурхайн ёсоор голчилж явбал зөв болов уу” хэмээн айлдав.
Аль нь ямар түүхтэй вэ?
Тэгвэл энэ хоёр зурхайн үүсэл замналын тухай товч авч үзье. Азийн ихэнх орнууд дагаж мөрдөж байгаа, хуучин нэршлээр “Шар зурхай” дэлхий дахинаа нэрлэж байгаагаар дорно дахины зурхайг одоо манайд “Чингисийн зурхай” хэмээн өөриймчилж нэрлэхийн зэрэгцээгээр “энэ бол Төгс буянтын зурхайгаас өмнө өвөг дээдсийн маань мөрдөж байсан манай үндэсний зурхай” хэмээн тайлбарлах болсон. Энэ зурхай анх хаана үүсэж, ямар замналаар хөгжиж боловсронгуй болж ирсэн бэ? Судлаач, эрдэмтдийн үгүүлж буйгаар энэ нь Юань гүрний Хубилай хааны үед эртний Нанхиадын Ёу хааны “Хуандийн зурхай”, Күнзийн “Зурхайт ном” Тан улсын үеийн “Хаш хайрцаг” гэгч зурхайн ном зэргийг нэгтгэн алдааг нь залруулах замаар бий болгосон, их цагаан хэрэмнээс урагш орших одоогийн Хятад зэрэг орны газар ус, аж төрлийн зохицолд тулгуурласан зурхай аж. Тэрээр жилийн /оны/ эхэн сарын шинийн нэгэн нь хавар тариалангийн улирлыг угтах амьдралын эх утгатайгаар, өвлийн туйл буюу одоогийн Европын тооллын хоёр сарын эхэн хагаст таардаг.
Манайд “шар зурхай”-г Юань гүрний үеэс хойш 1747 он хүртэл, улмаар 1747 оноос цөөн жил “Төгс буянтийн зурхай”-г дагасны дараа дахин 1911 он хүртэл, мөн 1921–ээс 1962 оны хооронд дагаж, мөрдөж байжээ. Энэ хооронд монголчууд нэн ялангуяа малчин ард түмэн маань дээдсээс өвлүүлсэн язгуур цаг тооллоо амьдрал ахуйдаа хэрэглэсээр байв. Харин зурхайч М.Намсрай нарын хүмүүс “шар зурхай”-г Хуяньнь буюу Хүн (Хүннү) гүрний үед анх зохиогдсон байх магадлалтай Монголчуудын өвөг дээдсийн зохиосон зурхай гэж үздэгээ удаа дараа илэрхийлж байсныг санаж байна.
Харин “Төгс буянтын” гэх одоо бидний зонхиороо дагаж мөрдөж буй зурхайн тооллыг Түвдийн Хөх нуурын Монгол угсаат лам, Буддын шашны зүтгэлтэн Сүмбэ хамба Ишбалжир 1747 онд зохиожээ. Өнөө цагт зөвхөн Түвд, Монгол хоёр улс л дагаж мөрдөж байгаа уг зурхай нь Хөх нуур орчмоор төвлөсөн Түвд орны байгаль цаг уур, ард зоны аж төрөлд голлон таацуулж гаргасан зурхай аж. Энэхүү зурхай нь /Төгс буянтын зурхай/ анх Энэтхэг, Самгардийн эртний хэл бичгийн “Цагийн хүрдний зурхай” Каланчакараг эртний Хуяньны нарын (Монгол) 12 амьтны зурхайд суурилан, шашны номлолтой холбосон Дүйнхор жүд зурхайгаас улбаатай хэмээн судлаачид тэмдэглэжээ. Шарын шашныг үндэслэгч Зонхав Лувсандагва лам уг тооллын өвлийн тэргүүн сарын 25-нд нас барж, 63 насны нь тоогоор өдөр тоолон гашуудал зарласан нь өвлийн сүүл сарын битүүнд дуусдаг тул сүм хийдүүд шөнөжин ном хурдаг. Шинийн нэгний өглөөнөөс бурханы орондоо заларсан гэж үзэн сарын 15 хүртэл ерөөл хурж төгс буян болдогт энэ зурхайн бас нэг гол утга зорилго оршдог гэх. 1747 онд Төгс Буянтын зурхай зохиогдсоноос хойш шашныхан, лам нар энэ зурхайг шашин номынхоо явдал үйлд хэрэглэж ирсэн ба Манжийн төрөөс албан ёсоор шар зурхайг дагаж мөрддөг байсан мэдээ бий. Үүнийг тодруулбал Олноо өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын арван нэгэн буюу 1911 оны 12 сарын 30-нд Монгол улсын оны нэрийг Олноо өргөгдсөн хэмээн зарлаж шар зурхайг халах тухай бичиг зарлиг гаргасан (Түүхийн төв архив ФБ-4ТИ.1 ХН35) мөн Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас “….Олон ноёд лам нараас жил бүр элч түшмэл зарж, Манжийн хааны амгаланг эрж, мал юм барьж, пүнлүүний мөнгө, торго, цаг улирлын тооны бичгийг хүлээн авахуулсаар ирсэн..”-ийг мөнхүү халж, “..цаг улирлын тооны бичиг буулгах явдлыг өөрсдөө тогтоон нийтгэж байх”-аар бичиг зарлиг гаргасан (Түүхийн төв архив ФА -6. ХН-521 1912-1-29) зэрэг болно.
Ийм түүх бүхий хоёр янзын зурхайг баримтлагсад өдгөө талцан маргалдаж, ард олон дунд нь “хахагдан” алийг нь дагавал тустайг, яв цав тодлон мэдэж чадахгүйн учир гайхалхийлэн суух болсон нь бас нэг “хямрал” гэлтэй.
Шар зурхайг баримтлагч зурхайч М.Намсрай тэргүүтнүүдийн тайлбарлан ухуулж байгаагаар уг зурхай нь од эрхсийн хөдөлгөөн, хэмнэлтэй андуу зөрөөгүй таардаг, тэр ч атугай олон улсын одон орон судлалын гол төв болох НАСА-гийн тооцоололтой яг таг нийцэж явдаг тул бид гарцаагүй энэ тооллыг дагах ёстой.Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн. Шар зурхайд бол тийм зүйл байхгүй гэдэг. Харин Төгс буянтын зурхайн төлөөлөгчид болохоор “Төгс буянтын зурхай бол Монголын төр, шашнаас хүлээн зөвшөөрөгдөн нийтлэг мөрдөж буй зурхай. Монголд Бурханы шашин дэлгэрсэнтэй холбоотойтойгоор энэ зурхай бий болсон. Өмнө нь байсан зурхайнуудыг илүү нарийн тооцоолж, тодорхой болгож тавьснаараа давуу талтай, алдаа мадаггүй зурхай” хэмээн мэтгэдэг.
Дээр өгүүлсэн мэдээ зангиудыг харьцуулан тодлож үзэхэд, шар зурхай болон төгс буянт зурхайн аль алин нь Монгол газарт төгс нийцэхүйц манай үндэсний цаг тоолол гэхэд эргэлзээ төрүүлэх болсон. Тэгвэл Юань гүрэнд “шар зурхай” буюу дорно дахины гэгдэх зурхайн тоолол зохиогдон, мөрдөгдөхөөс өмнө Монгол өвөг дээдэс маань ямар цаг тоолол хэрэглэж байв, эсвэл цаг тоолол, зурхай гэдгийг огт мэддэггүй байв уу? гэсэн асуулт гарна. Үүнд хариулт өгөх жинхэнэ язгуурын Монгол зурхайн тухай одоо үгүүлье.
Өвөг дээдсийн маань таньж мэдсэн
“язгуурын Амин зурхай”
Эрт үед буюу бидний хариулт эрэлхийлж буй тэр үед Монгол өвөг дээдэс маань сар шинээ намар тэмдэглэдэг байв гэнэ. Хуяньнь буюу Хүн гүрний үед Луньчень гэх “Луут хот”-доо ихэс дээдсээрээ чуулан хуралдаж, хааны амгаланг эрэн золгож, их тайлга тахилга үйлддэг, хүн мал нас нэмж наадам найр хийдэг байсан тухай сурвалжуудад тэмдэглэгджээ (Ли ди нар “Нэвтэрхий түүх” 1996.Х-53/ Шу Шүн Лин “Хүннүгийн шинжлэх ухаан техник” 1996) Яагаад тэр юм бол, тэр ёс юуны учирт хаягдаж мартагдав? Чухам эндээс зангилааны үзүүр баригдана.
Монгол дээдсийн язгуур зурхай гэвэл одоо мэдэгдэж байгаагаар хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний цаг улирлын тоолол буюу зурхайн нэгд тооцогдох улирлын мөчлөг бүхий нарны тоолол юм. 2000-аад оноос эхлэн нэрт түүхч, зохиолч, профессор Н.Нагаанбуу агсан нарын эрдэмтэн, судлаачид эл тооллын талаар судлаж 2009 онд “Монголчуудын Анх, Энх, Мөнхийн Амин” зурхай хэмээх зурхайн судрыг хэвлэн гаргасан байна.
Дээр дурьдсанчилан монголчууд оны эхлэлийг намрын сараас эхлэж тооцдог байсан нь Монгол газар нутгийн төлөв байдал, үндэсний аж төрөл, ахуй байдлын онцлог шинжээс үүдэн гарсан аж. Шинэлэх өдөр нь одоогийн европ тооллын ёсдүгээр сарын 22-нд байсан хийгээд энэ үед мал сүргийн тараг тэвээрэг гүйцэж, сүү, цагаа дэлгэрч, бүх зүйл тэгширсэн байдаг цаг билээ. “Анх Энх Мөнхийн зурхай”-н цаг улирлын бичигт үгүүлсэнчилэн намар жил эхлүүлэхийн гол учир холбогдол нь
Монгол зурхай нь дэлхий нэгэн хэмт тэнхлэгийн тогтмол эргэлттэй болохыг танин мэдсэний үндсэн дээр тэрхүү эргэлтийн тогтмол хугацаатай мөнхийн давтамжит хэмжигдэхүүнүүд болох арван хоёр сар, дөрвөн улирал, 360 хоног нь нэг жил буюу цаг тооллын мөнхийн орчил юм гэсэн ухагдахуунд тулгуурладаг байна. Нангиад болон Төгс буянтийн зурхайд нар мандах, шингэх цагийг тооцож, төдөн цагт наран мандана гэдэг боловч энэ нь нутаг нутгийн байдалтай таардаггүй. Тэгвэл Монгол зурхай энэ тухайд дэлхий бөөрөнхий, газрын гадарга тэгш биш, өндөр уул, нам дор, хотгор газар, далай тэнгис гэх мэт олон янз байдгийг тунгааж, нэг цэгийн нар сарыг цаглабарт тусгах нь боломжгүй гэж үзээд, танай гэрийн тооно, танай нутгийн өндөрлөгт нар тусах цагт танайх нар мандаж буйг үзэх болно гэсэн зарчимыг барьдаг. “Шөнөд цаггүй, шөлөнд дээжгүй” хэмээн үдшийн бүрий тасарч харанхуй болсноос үүрийн гэгээ тусах хүртэл цаг тооцдоггүй. Цагийг зөвхөн хоёр нарны хооронд авч үздэг. Үүр цайж, одод бэлчин, уулын оргилд нар тусах үесээс (хулгана цаг)-аар тухайн өдрийн цаг эхэлж, нар шингэж, цагаан гэгээ тасрах, одод зулзагалаж эхлэх үед, (гахай цаг)-аар өдрийн цаг дуусдаг (энэ нь өглөө тоононд туссан нар, унь болон ханын толгой дамжин, дахин тооноор гарч одох нь цагийг тоолох тогтмол хэмжигдэхүүн болдог ба шөнө ийнхүү хэмжих байгалийн нарийн хэмжүүр байдаггүйгээс болсон хэрэг)
“Ийнхүү нарны шилжилтээр цагийг тоолдог зарчимаараа бүтэн нэг жилийн хугацаа нь дөрвөн улирлаас бүрддэг, нэг улирал нь жилийн дөрөвний нэг нь буюу эрхсийн хөдөлгөөн хэмнэлээс шалтгаалсан байгаль цаг уурын онцлог төлөвийг агуулдаг хэмээн үзээд намар, өвөл хавар, зун тус бүрийг эхлүүлж буй улирлын эхлэлийг ихэд дээдлэн, тэдгээр өдрүүдэд улирлын тахилга үйлддэг байсан нь Дэлхийн нарыг тойрохдоо зуйван дугуй (эллипс) хэлбэрийн тойргоор тойрдог болохыг танин мэдэж, ажиглан, шинжсэний илрэл юм” хэмээн судлаач тэмдэглэсэн байна. Дөрвөн улирлын тайлга, тахилгууд нь:
Нэгд: намрын их тахилга, намрын эхэн сарын шинэд, буюу одоогийнхоор цагаан сарын шинийн нэгэн (европ тооллын 9 сарын 22)-нд
Хоёрт: Өвлийн тахилга буюу тасамын тахилга, өвлийн эхэн сарын шинэд (европ тооллын 12 сарын 22)-нд,
Гуравт: цагаан сүүний (сүргийн) тахилга, хаврын тэргүүн сарын шинэд (европ тооллын 3 сарын 22),
Дөрөвт: Улаан тэргэл өдрийн тахилга, зуны эхэн сарын шинэд буюу 6 сарын 22-нд тус тус тохиодог байжээ.
1980-аад оны үед манай эрдэмтэн судлаачид малчдын дунд урт хугацааны уйгагүй судалгаа явуулсны үр дүнд
Өвлийн тэргүүн сар – нар эргэх, ёс эхлэх, 12 сарын 22) гэж 1987 онд хэвлэгдсэн БНМАУ-ын угсаатны зүй I ботийн 30 дахь талд тэмдэглэсэн нь өвөг дээдсийн олж мэдсэн язгуур ухааны үнэн мөнийг дахин нуталсан чухал баримт болсон хэдий ч шашны лит, манж нанхиадын хуанли хоёрт бүрэн уусч, анзааргаа алдсан төр, түмэн маань огт тоосонгүй орхив гэнэ.
Монгол зурхай нь намрын тэргүүн сарын шинийн нэгэн, европ тооллын 9 сарын 22-ноос шинэ жилийн анхны өдрийг эхлүүлж, 12 сараар, сар бүрийг 30 хоногоор тоолон, зуны адаг сарын 30 буюу европ тооллын 9 сарын 15-ны орчимд жилийг дуусгадаг ба 365, эсвэл 366 хоногийг дүүргэлгүй дутуу үлдсэн 5-6 хоног нь жилийн сүүлчийн битүүний өдрүүд болж, оны эхний шинийн нэгэн болтол төдий хоногоор битүүлдэг ёстой байжээ. Тэрээр битүүний өдрүүдэд тухайн ондоо дуусгах ёстой илүү, дутуугаа өгч авалцах, ээдрээ зангилаа тайлах, айлчин гийчин хийх, намаржаа нутаг ойрлож саахалтлах, хийморь тугаа шинэтгэх, овоогоо сэргээх, онго шүтээнээ урих, гал голомтоо тахих, цагаан бэлгээ базаах, хир тоосноос салж угааж цэвэрлэх зэрэг олон ажил хэргээ амжуулж бүтээдэг байж.
Жилийн 12 сарыг нүүдлийн аж төрөл, дөрвөн улирлын төрхөөр нь хувь, хужир, өөлжин, хөхүй, улар, ойр, гур, буга, хуц, халуун (халуувтар), хөглөг (идлэг), бороон гэж (оны эхэн буюу намрын тэргүүн сараас эхлэн дарааллаар нь) нэрэлдэг байв. Үүнтэй холбоотой “хувь сар хуримын дээд, хулгана сар жилийн дээд”, “бар цагт босохгүй аваас өдрийн ажил шившиг, бага насандаа сурахгүй аваас насны эцэст шившиг” гэх мэт зүйр цэцэн үгүүд ч байдаг байж.
12 сараар 30 хоногийг үржүүлсэн 360 хоног нь нэгэн жил бөгөөд үүнийг 12 гаригаар давхар авч үздэг, энэ нь сар одны илэрц, үзэгдэх байдалд үндэслэдэг, нэг сарыг гурван хэсэгт хувааж эхний 12 хоног нь шинэд, дунд 12 хоног нь дэлгэр, сүүлчийн 12 хоног нь сарын хууч болдог. Энэ тооцооллоор бол 360 хоног бүхий нэг жил нь тус бүр 36 хоног бүхий 10 сард хуваагддаг ба үүнийг он гэж нэрлэдэг, харин жилийг 12 сард хуваавал сар тус бүр 30 хоногтой болох бөгөөд үүнийг жил гэж нэрлэдэг байв.
Ийм зарчим бүхий тоолол, тооцоололд тулгуурлан бүтээсэн Монгол тоолол “Анх, Энх, Мөнхийн зурхай” нь /Н.Нагаанбуу агсан/ жил болгон дахин, дахин цаг тооны бичиг зохиож төвөг удах шаардлагагүй, анх зохиогдсон хувилбараа л үеийн үед ашиглах боломжтой байдгаараа гарцаагүй од эрхис, орчлон ертөнцийн хэм хэмнэлийг буулгасан зурхай мөн юм. Дэлхийн тэнхлэг, гараг эрхсийн шилжилт хөдөлгөөний хэмнэл нь жил болгон өөрчлөгдөж байдаг биш, нэг л тогтсон жамаараа орчин эргэж байдгийг бид мэдэх билээ. Гэтэл өдгөө “Төгс буянт” гэх мэт тооллын цаг тооны бичгийг жил болгон дахин дахин шинээр зохиож, үй олноор нь худалдаалах нь нэг талаараа ашиг хонжооны хэрэгсэл ч болоод байх шиг !
“Анх, Энх, Мөнх”
“Анх, Энх, Мөнхийн Монгол зурхай”-н гүн ухааны гаргалгааг авч үзвэл Үүр цайж нар мандав – тэр өдрийн эх Анх, Нар өдөртөө аялан гэрэлтэх буюу мандахаас жаргах хүртэл орон зайг туулах, тэрчлэн хэн бүхэн төрөхөөс, халих хүртэл амьдрах нь – Энх, Нар жаргах, хүн насан эцэслэх нь – Мөнх, ийн давтамж буюу жам аж. Тоон утгаар авч үзвэл тэг, цэг нэг буюу тооны өнчин үүсэл, нэг, хоёр буюу эр эмийн үүсэл, нэг, хоёр, гурав буюу эцэг, эх, үр гэх тооны бүтэн чанар бөгөөд “нэг мөхөс, хоёр тэгш, гурав төгс” хэмээн утгачилдаг аж. Тэрээр тооны бүтэн чанар нь “Амь” гэсэн ухагдахууны илэрхийлэл болдог. Амь бол амьд байхын үндсийн үндэс, тэнгэр эрхис, од гаригсын хөдөлгөөн, лугшилт (цохилт) нь мөн гэж үзэж иржээ.
Тэрчлэн “Анх, Энх, Мөнхийн Монгол зурхай”-д хүний төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг, ивээл болон харш жил, тооны болон өнгөний бэлгэдэл, түүний нөлөөлөл, хорин найман одны ордоор хүний төөрөг үзэх, шинж тэмдэг дохионы эрдэм, жил сарын өнгө, элдэв эд юмс, хүмүүний явдал үйлийн зурхай гэсэн олон арга заслын эрдэмийг багтаасан нь профессор Бэсүдэй Н.Нагаанбуу агсны бүтээсэн “Анх, Энх, Мөнхийн зурхайн судар”-аас харагдаж байна.
Монголд харийн соёлын түрэмхийлэл нүүрлэж, өндөр дээдсийн бүтээн бий болгож, явдал үйлдээ хэрэглэж байсан оюуны энэхүү үнэт өвөөсөө алхам, алхамаар хөндийрсөөр бүрмөсөн мартсаны улмаас эдүүгээ энэ тухай ярьж, бичсэнийг үзээд “эвэртэй туулай үзсэн мэт” гайхаж, итгэж ядан тээнэглзэх нь энүүхэнд болсон мэт.
Нэгэнт дээдсийн хэрэглэж дагаж байсан зурхайг орхиж, харийн тооллыг дагах болсноор түүнээс өмнөх үеийн тухайлбал “Монголын нууц товчоо” зэрэг сурвалжууд дахь түүхэн үйл явдлын он цаг, сар өдөр нь ч зонхиороо төөрч будилжээ.
Энэ тухай дурьдсан ганц хоёрхон жишээг авч үзвэл Монголын нууц товчоонд “… их хаан тэнгэрт халив гэж дурьдсан долоон сарын 12-ны өдрийг эдүүгээгийн шинжлэх ухаан түвд тооллоор тооцож, тэр нь аргын буюу европ тооллын 7 сарын 27-ны өдөр юм байна гэж үздэг. Гэтэл Монгол тооллын “амин зурхай”-н долоон сарын арван хоёрны өдөр нь одоогийн европ тооллын гурван сарын гучин нэгэн аж. Григорийн 7 сарын 27-ны шатам халууны үед их хааны шарилыг хэдэн говь гатлуулан тээж ирэх бололцоо байхгүй байсан биш үү гэдгээр энэ нь давхар нотлогдоно. Монголын нууц товчоонд зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр гэж дурьдсан үе нь Хуагжин эмгэн хонь хяргаад харьж байгаа, Тэмүчин хүү Сорхон шарын гэрийг айраг бүлэх чимээнээр нь олж байгаа үйл явдлууд гарна. Энэ нь зурхайч Л.Тэрбишийн тооцож тэмдэглэснээр одоогийн европ тооллын 5 сарын 3-н. Гэтэл 5 сарын 3 гэдэг айраг бүлэх нь бүү хэл хөрөнгө эсээгүй, хонины ноос хяргах нь байтухай хөндийрөөгүй байх хаврын тарчиг цаг юм. Бас “Эрдэнэ тунамал нэрт судар оршив” сурвалжид “ Алтан хан цагаан нохой жилийн хөглөр сарын арван ёсөнд нас барсан” гэснийг Мин улсын Ван Ли-гийн 9 оны 12 сарын 19 буюу манай тооллын 1582 оны нэг сар болно гэж тайлжээ. /Өвөр Монголын эрдэмтэн Сайшаал/ Тэгтэл Монгол тооллын хөглөр сарын 19 гэдэг бол зуны адаг ногоо хөглөрөх цаг тул 1582 оны өвөл биш 1581 оны 9 сарын 4 байна гэх мэтээр эртний сурвалж бичгүүдийг тайлсан сүүлийн үеийн судлаач эрдэмтдийн бүтээлийн он цагийг залруулсан зүйлүүдийг профессор Н.Нагаанбуу агсны дээрх бүтээлээс гадна “Монголын язгуур гүн ухаан”, Монгол нийхэм, төр, хүн” /Итгэхуйн ухаан/ зэрэг ном бүтээлүүдээс нь үзэж болно.
“Аль ч үндэстний хувьд шинэ жил угтах нь их том баяр ёслол байдаг. Гэхдээ бид л баяр, цэнгэл гэж бодоод хэвшчихсэн болохоос үүний цаана ёс, бэлгэдлийн нарийн учир оршдог. Хуучныг халж, шинийг угтахдаа ямар ч ард түмэн тодорхой зан үйл хийдэг байсныг анзаарах юм бол ямар баярыг, эсвэл ямар тахилгыг хэдийд хийж байна гэдэг маш чухал асуудал босож ирнэ” (Б.Галаарид)
“Монголын язгуур заншлаар бол цагаан сарын намар тэмдэглэж байсан нь үнэн юм билээ. Одоо ч нэг хэсэг нь тэрхүү язгуур угсаагаа бодолцоод цагаан сараа намар тэмдэглэж байна. Яваандаа үүнийг бүгд ойлгож дагах цаг ирнэ байх. Харин одоо бол ихэнх нь хожим сүүлд манж төвдийн нөлөөн дор үүссэн ёсыг дагаж, өвөл, хаварт тэмдэглэсээр байна. Монголчуудын эртний ёсоор бол дээд тэнгэртэй харьцахыг жаяг, амьдрал ахуйнхаа хэв заншлыг эрхэмлэж, аливаа зан үйлийг үйлдэх, ёс горим гүйцэтгэхийг зан заншил, ёс гэдэг байж. Одоо “цагаан сар”-аар, эрт цагийнхаар бол намрын тахилга, шинэ жилийн баяраар гэрийнхээ баруун урд талд индэр босгож, өвчүү тэргүүтнийг галд өргөх, өглөөн нарнаар уг индэрээ нар зөв тойрч дөрвөн зүгтээ, гурвантаа мөргөн ёс үйлддэг нь эртний хэлээр “Төрийн найман цах”-ны “Засгийн аялгуу” болдог. Энэ нь дээд орон зайд байгаа удмын өтгөс буурлууддаа золгож байгаа ёс гэдгээс гадна, уг зан үйлийг бүрэн гүйцэд үйлдэх нь Хасбуу тамгаа бүтээж байгаа хэрэг болдог. Хэрвээ энэ ёсыг дутуу хийвээс Хасбуу тамгаа зөв эргүүлж мөрөө засаж чадаагүй гэсэн үг. Үүнтэй адил Монгол гэрийг барихдаа гэрийн унийг тотгоноос эхэлж нар зөв эргүүлж, дөрвөн зүгт хатгах, дараа нь баруун өмнөөс эхэлж мөн нар зөв эргүүлж, дөрвөн зовхист хатгах замаар дөрвөн зүг, найман зовхисоо бүтээж, дараа нь бас л баруун өмнөөсөө эхэлж, бүх униа нар зөв эргүүлж, хатгаж дуусган, гэрийн яс модыг босгодог нь мөн л Хасбуу тамгаа бүрдүүлж байгаа бэлэгдлийг агуулсан байдаг. Хас тамгыг шүтэх гэдэг бол ийнхүү оршин амьдрахуйн мөн чанарыг онол дээр таньж, түүнийг оюун ухаанаараа нээж, бүтээж амьдрах гүн ухааны утга бэлгэдэл болохоос Хас тамга зурж хийгээд түүндээ мөргөхийг хэлж байгаа хэрэг биш юм” (Ч.Жавзанчулуун) гэх мэтээр үгүүлсэн судлаачид, ном эрдмийн хүмүүсийн үг яриаг эрэгцүүлэн үзвэл бас л нэгийг бодогдуулах нь лав.
“- Өнөө жил нэг сард шинэлнэ, үгүй хоёр сард шинэлнэ
– Танай зурхай өдөр хоног нь тасарч давхарддаг, үсэрч холбирдог
– Үгүй ээ манайх алдаа мадаггүй, харин танай зурхай бол хятад газраас угшилтай” гэх мэтээр марган мэтгэлцэвч, аль алин нь гарцаагүй Монгол зоны амьдрал аж төрөлд зохирсон заяамал зүйл мөн байна гэж үзэхүйц итгэл, үнэмшлийг төрүүлж чадахгүй байгаа эдүүгээ цагийн цаг тооллын маргааныг хагалах андуугүй үнэний гэрч нь энэхүү эрт дээдсээс улбаат язгуурын Монгол тоолол мөн гэсэн санааг уншигч та бүхний гэгээн мэлмийд толилуулав.
/Энэхүү бичвэрийг бэлтгэхэд нэрт түүхч, зохиолч профессор Н.Нагаанбуу агсан, судлаач доктор, профессор Д.Гарам-Очир, судлаач А.Ариунболд, Б.Галаарид, Ч.Жавзанчулуун, Зурхайч М.Намсрай, Л.Тэрбиш нарын ном бүтээл, тэрчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зарим мэдээллийг ашиглав/
Хиргис Г.Төрмөнх
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.