Монгол Улсыг өрийн дарамтнаас гэтэлгэвэл У.Хүрэлсүхийн танхимд “хайр” зарлахаас яах вэ, ард түмнээрээ

2017-10-19 Нийтлэл

Шинэ бүрэлдэж буй Засгийн газрын чансааг шалгасан хамгийн том ачаа бол ирэх жилүүдийн өрийн дарамт. Хэдийгээр манай улс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсан ч гэлээ зээл өгөх улс орон байхгүй гэдгийг салбарынхан хэлж буй юм. Учир нь манай улсыг дэлхий нийт зээлээ төлөх чадваргүй хэмээн тодотгосон нь томоохон улс орнуудын чихэнд хэдийнэ хүрч, сошил ертөнцөд сайн, муугаар цоллогдох болж. Тодруулбал, дэлхий нийтийн зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаа явуулдаг зээлжих зэрэглэл тогтоогч гурван байгууллагын хоёр нь (“Fitch”, “Moodys”) Монгол Улсын Засгийн газар болон арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг шат дараалан бууруулж, өндөр эрсдэлтэй ангилал руу аваачаад байгаа юм.

УИХ энэ оны төсөвт хоёр ч удаа тодотгол хийж байна. Үүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зургаан их наяд 537  тэрбум төгрөг болгожээ. Зарлага ба цэвэр эээлийн дүнг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүулж, есөн их наяд, 248 тэрбумаар тооцож суулгажээ. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ оны төсөвт нийт алдагдал нь хоёр их наяд 711 тэрбум. Үүнийгээ ДНБ-ний хасах 9.9 хувьд хүргэж батлагдсанаас 0.5 хувиар сайжруулсан гэдэг тайлбарыг хийсэн. Гэвч явцтай юм нэг алга.

Тэгэхээр ирэх оны төсөвт туссанаар Засгийн газар нийт 7.6 их наяд төгрөгийн дотоодын болон гадаадын зээл авах шаардлагатай байгаа. Үүний 69 хувийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөр төлөхөд зарцуулах тухай туссан. Гэтэл энэ хүнд цаг үед Монгол Улсад зээл өгөх нь өндөр эрсдэлтэй гэдгийг нөгөө муу ховч хоёр байгууллага олон улсын хөрөнгө оруулагчдад алтан хошуу хүргэсэн байгаа. Нөгөөдүүл нь ч шуугиад эхэлсэн. Товчхондоо манай улсыг ойрын хоёр жилийн хугацаанд төсвөө алдагдалгүй болгох боломж бараг байхгүй гэж үзсэн учир зээлжих зэрэглэлийг бууруулсан гэсэн үг. Тэгэхээр зээлжих зэрэглэл буурах нь зөвхөн улс орны төр засагтай холбоотой асуудал биш. Үндэсний компаниудаа давхар чирдэг. Учир нь тухайн улсын компани, санхүүгийн байгууллага, банк, даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоолгох боломжгүй байдаг аж. Тиймээс зээлжих зэрэглэл бол тухайн улсын нийт эдийн засагт маш хүчтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм.

Яахав аз уу, эз үү төсвийн орлого есдүгээр сарын байдлаар төсөөлж байснаас илүү 900 тэрбум төгрөгөөр давсан гэдгийг буцаж байгаа үүрэг гүйцэтгэгч тодотгоно лээ. Гэхдээ үүний 500 тэрбумыг нь сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулахад зарцуулахаар ОУВС-тай тохирсон гэх. Гэвч манай улс Засгийн газрын баталгаа гаргаж Хөгжлийн банкны авсан 580 сая ам.долларын зээлийг ирэх оны гуравдугаар сар гэхэд төлж барагдуулах ёстой. Үүн дээр нэмээд нийт 800 орчим сая ам.долларыг Монгол Улс төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бол манай улс 2017 онд гадаад төлөх өрийн дүн юм. Дотоодын хувьд саяхан УИХ-аар төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Алдагдлыг санхүүжүүлэх хэрэгтэй болно. Энэ бүгдийг аваад үзэхээр 2016 онд Засгийн газрын зээл 26 хувь байсан бол 2017 онд 20 орчим хувь буюу өндөр хэвээр байна гэсэн төсөөлөл гарч байгааг салбарынхан дуу нэгтэй хэлж байна.

Нөгөөтэйгүүр, жилийн жилд төсвийн алдагдал гэрлийн хурдаар нэмэгдэж буй юм. Тухайлбал 2015 онд төсвийн алдагдал ДНБ-ний тав орчим хувь байсан. 2016 онд 19.5 хувь болж өссөн. Харин өдгөөгийн батлагдсан төсвөөр ирэх онд алдагдал 9.1 хувь болж хоёр дахин буурна гэсэн. Гэхдээ үүнд “Moodys” итгэхгүй байна. Тэдний тооцооллоор 12 орчим хувь байх болов уу гэж харж байна. Нэгэнт өндөр төсвийн алдагдалтай гарсан төсөв буцаж буухад тодорхой хугацаа шаардлагатай. Тийм учраас Засгийн газрын зээлжих зэрэглэлд нөлөөлнө гэж үзэж байна.

Ер нь нийт дүнгээр тооцвол Монгол Улсын өр ДНБ-ний 58 хувьтай тэнцэж байна гэдгийг нэр бүхий эдийн засагчид сануулсаар байгаа. Энэ бүхнээс харахад, манай улс аль хэзээний өрийн тойрогт орж, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөхөд хүрчээ. Шинэ бүрэлдэх танхимынхан улс орны бүх өрийг тэглэж чаддагүй юм гэхэд, “Fitch”, “Moodys” гэгч дэлхийн айхтар газруудаас зээлжих зэрэглэлээ эерэг үнэлгээ рүү оруулчихвал У.Хүрэлсүхийн танхимд ард нийтээрээ “хайр зарлаж”, хүндэтгэл үзүүлэн хүссэн өндөрлөгт нь залах юм шүү…

О.МӨРӨН

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.