Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

2017-10-4 Парламент

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуулийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч Х.Баттулга танилцууллаа. Одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед үүсээд буй багш нарын цалин нэмэх талаар нэр дэвшигчээс тодруулсан юм. Мөн АН-ын бүлгийнхэн дөрвөн яам нэмж байгуулах санал гаргасан. Энэ талаар ямар байр суурьтай байгааг тодруулав.

Энэ асуултанд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Би багшийн зовонг сайн мэднэ. Миний эхнэр багш хүн байгаа юм. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Багштай холбоогүй нэг ч хүн байхгүй. Мөн монгол хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хүмүүс бол эмч. Би Байнгын хорооны хуралдааны үеэр цалин нэмэх боломжгүй гэж хэлсэн. ОУВС-тай тохиролцсон тохироогүй дагуу ч ийм байгаа. Гэхдээ Засгийн газар албан ёсоор байгуулагдаад үүнийг судалж үзнэ. Боломж гарсан тохиолдолд нөхөж нэмнэ. Яам, агентлагийн тоог нэмэхгүй, хасахгүй. АН-ын бүлгээс ажил хэрэгч санал хэлсэн. Энэ саналыг судалж үзнэ” гэдгийг тодруулав.

Энд нэг зүйлийг дуулгахад, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өчигдөр хоёр хуваагдаж хуралдсан мэдээтэй байна. Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 30 гишүүн нэг талд, хамгаалж саналаа өгсөн 30 нь нөгөө талд хуралдсан юм байх.

Цаад утга нь шинэ Засгийн газрын сайдын төлөөх “тулаан” гэх үү дээ. Ямартай ч хоёр хэсэг хуралдааны дараа Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх төлөөллүүдийг нь хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар гарын үсэг зурсан 30 гишүүн ч яахав, байр суурь нь тодорхой. У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллах боломжтой хүмүүсийнхээ талаар ярилцсанаа дуулгажээ.

Харин өмнөх Засгийн газрыг хамгаалж санал өгсөн М.Энхболд нарын гишүүд “…Засгийн газраа 50:50 хувиар байгуулахгүй бол чуулганд орохгүй. Ингэхээр чамайг батламжлахгүй гэсэн үг” гэжээ. Өөрөөр хэлбэл, М.Энхболд нар “…Шадар сайд тэргүүтэй 6-7 яамны сайдын албан тушаалыг бидэнд өг. Тэгэхгүй бол…” гэж тулгасан байгаа юм.

Юутай ч чуулган эхэлсэн нь 50:50 хувийн бүрэлдэхүүнтэй засаг бүрдэж мэдэх юм гэсэн “бор шувуу” чуулганы танхимаас дуулдаж байна.

С.Гэрэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.