УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг өнөөдөр (2017.09.27) Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хэд хоногийн өмнө Япон Улсад зохион байгуулагдсан Олон улсын үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтад оролцоод ирлээ. Миний хувьд МҮОНРТ-д эдийн засгийн тоймч байхдаа танай өмнөх удирдлагуудтай нягт хамтарч ажиллаж байсан. Тодруулбал Улаанбаатар хотын сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх, захын хорооллуудад сургууль барих төслийн хүрээнд манай телевиз хамтран ажиллаж, төсөл амжилттай хэрэгжсэнийг хэлмээр байна. Энэ төслийн ачаар гэр хорооллын амьдралын түвшинээс доогуур амьдралтай хүүхдүүд сургуультай болсон. Чанар, стандартын хувьд тухайн сургууль нь үнэхээр сайн баригдсан байдаг. Ийм ч учраас ЖАЙКА-гийн Монгол дахь үйл ажиллагаанд бид маш их талархалтай ханддаг гэдгийг хэлмээр байна. Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр барих чиглэлд гол анхаарлаа хандуулж байна. Удахгүй төсөвт тодотгол хийнэ. Тэр үед болж өгвөл боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Ялангуяа миний сонгогдсон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 14 мянга орчим хүн амтай мөртлөө тэнд нэг ч сургууль байдаггүй. Миний сонссоноор Япончуудтай хамтран тэнд уулын орой дээр 224 хүүхдийн цэцэрлэгийг шинээр барьсан юм билээ. Цэцэрлэгийн талбай нь өөрөө маш газартай учраас тэнд Жайка-тай хамтран 640 хүүхдийн сургууль барих төсөл явагдаж байгаа талаар тус хорооны иргэд дуулгасан. Бидний уулзалтын өмнө Улаанбаатар хотын дарга С.Батболдтой уулзаад Жайка-гийн хэрэгжүүлж байсан өмнөх төслийн хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхээр яригдаж байгааг сонслоо. Энэ талаар ярилцья гэж бодсон юм” гэв.
Ноён Сато Мүцүми хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгт талархал илэрхийлээд буцалтгүй тусламжийн хүрээнд 1999 оноос хойш Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь нийтдээ 10 орчим тэрбум иенийн хөрөнгөөр 55 сургууль барьж өгсөн дүн мэдээг дуулгасан юм.
Тэрбээр “Хэдийгээр олон сургууль, цэцэрлэг барьсан боловч нөхцөл байдал хүнд байгааг бид мэдэж байгаа. Буцалтгүй тусламжаар сургууль барих төсөл нь нэгээс дөрвөн үе шат хүртэл хэрэгжсэн. Одоо тавдугаар үе шат хэрэгжиж эхлэхээр болсон. Шинэ төслийн хүрээнд шинээр хоёр сургууль барина. Мөн сургуулийн хоёр өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр яригдаж байгаа. Шинээр баригдах хоёр сургуулийн нэг нь таны хэлсэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдана. Мөн Хан-уул дүүргийн 75 дугаар сургуулийг нурааж буурин дээр нь шинээр хоёр дахь сургуулийг барихаар төлөвлөсөн. Өмнө нь бид сургууль барихдаа тоонд анхаардаг байсан бол энэ удаагийн төслийн хүрээнд жишиг сургууль барихаар төлөвлөж байна. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй, байгаль орчинд хор нөлөөгүй, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд зориулж хоргодох байртай ийм загвар сургуулийг барина гэсэн үг. Төлөвлөгөөний дагуу явбал энэ ажил 2018 оны 7, 8 дугаар сард эхлэх товтой байгаа. Гэхдээ энэ ажлыг эхлүүлэхийн тулд Монголын талаас дээрх 75 дугаар сургуулийг нураах, газрыг нь бэлэн болгох ажил ногдож байгааг дуулгамаар байна. Ингэснээр шинэ төсөл бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Тиймээс таныг дэмжиж өгөхийг хүсье” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариу хэлэхдээ “Хан-уул дүүргээс сонгогдсон Д.Сарангэрэл гишүүнтэй хамтран шаардлагатай төсвийг тусгуулахад анхаарч ажиллана” гээд Жайкагаас хэрэгжүүлж байгаа төслийг цаг хугацаандаа эхлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсанаар уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.