Хойд туйлаар зорчсон нь

2022-05-14 Амрах агшин

Аян замын тэмдэглэл

 

Санта Клаусын өлгий нутаг, цаа буга, чаргатай ноход, туйлын туяа, шөнө дундын нар гэх мэтийн маш өнгөцхөн мэдээллээс Лапландын тухай мэдлэг бүрдэх юм. “Лапланд чинь яг хаана байдаг билээ ?” гэх асуулт та бидний бодлыг юун түрүүнд эзэгнэнхэн төрнө. Финланд улсын умард зүгт буюу хойд туйлын хэсэгт орших үзэсгэлэнт нэгэн нутаг. Үлгэрт гардаг цас мөсний гайхамшигт орон чинь яахын аргагүй Лапланд.

Хойд туйлын цас мөсний орноор аялах юмсан, цаа буга хөлөглөн цасан дээгүүр туйлын туяа харсан шигээ салхи татуулан давхих юмсан гэж мөрөөддөггүй хүн үгүй биз. Лапландад жуулчдын хөл хэзээ ч үл тасарна. Бидний сурвалжлах баг үлгэрийн юм шиг энэ оронд ирээд өөрийн эрхгүй сэтгэл хөөрч, эргээд хүүхэд насандаа очсон мэт цасаар баахан тоглов. Энд цас их унана. Хүйтэн гэж жигтэйхэн. Монголтой өрсөлдөхүйц. Зах хязгаар нь үл харагдах цас, битүү уул тайга, ой мод, цэнгэг гол горхи, нуурууд, цаа буга, хаски ноход, загас жараахай, эргэн тойрон тэнгис, далай, шөнө дундын нар, туйлын туяа гээд байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн энэ газар гадаад, дотоодын сая сая хүн зочилно. Өвлийн улиралд хэдэн метр зузаан цас, цэнгэг агаар, тохилог модон баазууд нь гайхалтай.

Дэлхийн бөмбөрцөгийн эргэх тэнхлэгийн хамгийн дээд ба доод захын хоёр хязгаар цэг ба түүний орчны газрыг өмнөд ба хойд туйл хэмээн нэрлэнэ. Доод хязгаар нь өмнөд туйл, дээд хязгаар нь хойд туйл. Арктик болон хойд туйлын эргэн тойронд Канад, АНУ-ын Аляскийн хойд хэсэг, ОХУ, Норвеги, Гренланд, Исланд, Финландын Лапланд, Швед зэрэг улсуудын хэсэг багтдаг аж.

Хойд туйл хэмээх энэ үгийг сонссон бүхэнд хэмжээ хязгааргүй үргэлжлэх цас мөсөн ертөнц, хамгаас хүчтэйгээр шуурч замд тохиосон бүхнийг дарангуйлан нугалах туйлын хүйтэн салхи, зуны цагт газар тэнгэрийн завсар тэнүүчлэн үл жаргах наран, туйлын шөнө болоход солонгорон гэрэлтэх туйлын туяа нүдэнд тусч айх, гайхах мэдрэмжийг зэрэг төрүүлдэг. Ер нь хойд туйлын бүс газруудад юм бүхэн сонин содон бөгөөд өөрийн давтагдашгүй онцлогтой.

Нийслэл хотыг нь Рованиеми гэх бөгөөд нисэх буудал, улсын ба хувийн сургууль, байгалын музей, автомашины барьцаат зээлийн газар, зочид буудал, золбин ноход, хоршоо дэлгүүр, хими цэвэрлэгээ, халуун рашаан, шүүх цагдаа, шуудан холбоо, шумуул ялаа, согтуу хүмүүс бүгд бий. Цаг агаарын хүйтнээс болоод ч тэр үү эндхийн хүмүүс 1960-аад оны үед сархад их хүртдэг байж. Аргагүй шүү дээ. Орос “водка” хэмээх буянт хувилгааны ачаар л жинтэй өвлийг тэсэн гарна. Дэлхийд зөвхөн Монголчууд ба Орос ах нар архи уудаггүй юм байна гэдгийг энд ирээд мэдэрсэн гэмээр.

Манай хөдөөнийхөн хүүхдээ хөлд оронгуут морь унуулж сургадаг шиг Лапландчууд бас тэр үеэс нь хүүхдүүдийнхээ бяцхан хөлд нь цана тэшүүр углаж эхэлдэг аж. Цана тэшүүрээр гулгадаг уу, усанд сэлж чаддаг уу? гэж тэднээс асуух хэрэггүй. Шараа болно. Ийм зэргийн юм чаддаггүй хүн орчлон хорвоод байдаг гэдэгт тэд итгэхгүй. Тэгээд ч өвлийн олимпийн хамаг медалийг хөрш Норвеги, Шведтэйгээ хавсайдаж байгаад хамж орхидогийг нь хэн хүнгүй мэднэ.

 

Анх очсон хүний нүдэнд нэг зүйл тун содон тусна. Энэ нь Лапландчууд өөрсдөө. Тэд ихэнхдээ метр наяаас дээш өндөртэй, шав шар үстэй, цэнхэр нүдтэй, жин нь зуун килограммаас илүү татахаар жинтэй эрчүүд. Яахаараа ингэж бүгдээрээ ижилхэн том биетэй, цагаан толгойтой болчихдогийг Бурхан багш Будда л мэдэх биз.

Тэдний дотроос хар, ядаж хүрэн үстэй хүн хайснаас шар толгойтой хүн эрвэл хавьгүй амархан олдоно. Манай Монгол охидууд нэг хэсэг толгойгоо шараар будаж гангардаг бол, эндхийн хүүхнүүд үсээ харлуулж “моодорхдог” аж. Хэрэв энд хар, бор үстэй хүүхэн явж байвал тэр маш “эрэлттэй” байх болно гэсэн үг. Энд цаа буганы утсан мах, дэлхийд ховордсон улаан хилэм загасыг дуртай газраа зооглоx боломжтой. Эдгээр хоол нь уураг ихээр агуулдаг учир жин их нэмнэ. Лапландaд аялах гэж байгаа бүсгүйчүүд үүнийг анхаарах хэрэгтэй. Лапландад ан хийх нь бэлчээрт байгаа малаа авчирч төхөөрөхөөс амархан юм шиг. Буга согоо, бор гөрөөс, цаа буга нь хашаатай тариалангийн талбайн хажуугаар өдөр шөнөгүй бөөн бөөнөөрөө бэлчинэ. Авто машины замын голд хүртэл ирээд хэвтчихнэ. Тэднийг тойрч гарна гэдэг их хэцүү. Манай хөдөөний засмал зам дээр олон тооны үхэр ирээд хэвтдэг шиг л. Зочид буудлын үүдэн дээр ч мөн адил идшээ идэнгээ хэнэггүй гэгч нь зогсоцгооно.

Нийт 184 мянган хүн амтай бөгөөд ихэнх хувийг нь нутгийн уугуул болох Саамичууд бүрдүүлнэ. Саамичууд зөвхөн Лапландад биш Швед, Оросын хил дагуу 40 мянга орчим байдгаас тэн хагас нь Шведийн хилийн дагуу амьдардаг аж. Ер нь Саамичууд нь хойд нутгийн үндэстэн бөгөөд. Тэд цөөн тооны ч гэсэн бусад ард түмний дунд уусахыг хүсдэггүй, өөрсдийн өвөрмөц соёлыг нарийн хадгалж ирсэн. Энэхүү үндэстэн нь эрт дээр үеэс загас барьж, цаа буга үржүүлж, ан гөрөө хийж, нүүдэлчний амьдралаар амьдарч иржээ. Жин өвлийн ид хүйтэнд байгалийн бэрхшээлийг үл харгалзан өтгөн ой мод, өргөн тал хөндий, уул усыг гатлан хоёр долоо хоног үргэлжилдэг баяр бол чаргатай нохдын уралдаан. Энэ нь нутгийн хамгийн том наадам бөгөөд нутгийнхны хүсэн хүлээдэг баяр цэнгэл нь юмсанж. Манайхаар бол улсын том баяр наадмын хурдан морины уралдаан л гэсэн үг.

 

Жинхэнэ шандас заасан сайн нохдын шалгуур болж түрүүлсэн нохдын шагнал 30-40 мянган ам.долларт хүрдэг гэнэ.

Ер нь бид дэлхийг тойрсон алтан туурайт хүлэг морьдоороо бахархаж тоосонд нь хиймороо сэргээдэг бол тэд нохой хөлөглөсөн чаргаараа уралдаж сайн нохдоороо бахархаж баярладаг ард түмэн. Хүйтэнд тэсвэртэй, чадал тэнхээтэй, сайн нохдын угшлыг бүр гөлгөнөөс нь эхлэн тойлж өсгөн тэмцээн эхлэхээс жилийн өмнө сойсоор байж оролцдог аж. Монголчууд хурдан морио наадам болохоос олон хоногийн өмнөөс уяж сойдогтой адил. Ийм нохой асар өндөр үнэтэй агаад ТВ шоунд хүртэл “ярилцлага” өгч нутаг орон даяар алдаршин нэр цуутай, нэн алдартай хүмүүсийн орчлонд ордог аж. Уралдаанд түрүүлсэн нохдын эзэд баяраа орос водкагаар мялаадаг аж. Манайхан идээний дээж архи гэдэг бол энд ч мөн ялгаагүй. Нутгийн “наадам” өндөрлсөний орой хотын гудамжаар нохойгоо хөтөлсөн согтуу “уяачид” элбэг. Гэхдээ манайхантай адилхан агсам тавьж хотол олныг самардаггүй. Сархадаа хүртээд дуу аялан баяр баясгалантайгаар алхана. Сайн нохдын тухай домог мэт яриа, хөшөө дурсгал, уран зохиол, телевиз, хэвлэл мэдээлэлд цөөнгүй гардаг. Манайхаар бол морьны дуугаар олон танигдсан МУГЖ Г. Батбаяр гэсэн үг. Уралдаанд олон удаа түрүүлсэн нохдын хүзүүнд тэд төрийнхөө далбааг уячихсан их бахаралтайгаар явна. Хэрэв монгол хүн нохойн хүзүүнд төрийнхөө алтан соёмбот далбаагаа зүүчихвэл манай нийгэм нэг их таaшаахгүй буй заа. Ийм л өвөрмөц газраар хэдэн өдөр нүдээ баясгаад ирлээ дээ.

С.Гэрэлчулуун

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.