Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцоогүйнхээ учир шалтгааныг тайлбарлав.
Тэрбээр “НҮБ-ын 72-р чуулган ‘Хүн төвтэй хөгжил’ сэдвийн хүрээнд болно. Чуулганд заавал оролцох ёстой гэсэн зүйл байхгүй. Франц, Орос, Герман зэрэг олон орнууд энэ удаагийн чуулганд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Манай улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Монгол Улсаа төлөөлөн, чуулганд оролцоно. Бид саяхан НҮБ-ын суурин төлөөлөгчидтэй уулзаж, хамтарч ажиллах асуудлууд дээр санал нэгдсэн. Арга барилаа өөрчилж ажиллая гэдэг дээр санал нийлсэн. НҮБ-тай Монгол Улс байнга хамтарч ажиллана. Чуулганд очсон, очоогүйгээрээ хамтын ажиллагааны ач холбогдол багасна гэсэн зүйл байхгүй.
Өмнөх ерөнхийлөгч маань жил бүр уг чуулганд оролцдог байсан. Миний хувьд энэ удаагийн чуулганыг өнжиж байна. Энэ нь улс төрийн дотоод нөхцөл байдалтай холбоотой. Засгийн газар огцорчихсон байна. Шинэ Засгийн газар өнөө маргаашгүй бүрдэх гэж байна. Үүнд анхаарал хандуулж байна.
Давосын уулзалт ирэх нэгдүгээр сард болно. Зохион байгуулагчдаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын хэн нь оролцох вэ гэдэг дээр урилга явуулна. Энэ урилга одоогоор ирээгүй байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар гадаад айлчлалуудыг Монгол Улсад ямар хэрэгтэй вэ гэдгийг судалсны үндсэн дээр сонгож, хийж байгаа гэдгийг хэлье’ гэв.
Ийнхүү Ерөнхийлөгч мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Та УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт гаргасан. Гэсэн ч их хурлын дарга танд өөр хариу ирүүлсэн байна?
-УИХ-ын даргад огцорсон Ерөнхий сайдаар ажил хийлгээд байж болохгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн. Хариу нь заавал Ерөнхий сайдыг томилуулах саналыг оруулж ирсний дараа чуулганыг зарлана гэж ирлээ.
-Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх 49 хоногийн хугацааг та өгсөн. Харин энэ хугацаа дуусчихлаа. Энэ талаар?
-Улс төрчдөд хандан ууч сэтгэл гаргаж, оффшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах тухай уриалга гаргасан. Гэсэн ч энэ хугацаа нь дууслаа. Одоо Авлигатай Тэмцэх Газар ажиллах ёстой. Улс төрчдийн авлигалын асуудлыг илрүүлэх гэж АТГ ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ тал дээр АТГ ажиллахгүй байгаа болохоор эрх ашгийн сонирхол байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. 49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчаад явна гэсэн үг биш. Харин энэ тал дээр ажил хийх ёстой байгууллагыг нь шахаж ажиллах юм.
-Нүүрсний экспорттой холбоотой гомдол гараад байгаа. Та үүнд тайлбар хийнэ үү?
-Манай улс нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолсон улс байх ёстой. Шинээр бүрдэх Засгийн газар нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг зорилгыг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаасай гэж бодож байна. Нүүрсний үнийн өсөлт буулт хоёр дээр бид эдийн засгаа томьёолж ярьдаг. Бид бодит эдийн засагтай байх хэрэгтэй.
-АТГ-ын удирдлагуудыг солих шаардлагатай юу?
-Би өөрөө дур мэдэж хүн сольж, томилох асуудал байхгүй. Энэ нь УИХ-аар хэлэлцэгддэг.
-Та шинэ бүрдэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Шинэ бүрдэх Засгийн газар маань намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой Ерөнхий сайд, танхимын бүрэлдэхүүн байгаасай. Эх орноо гэсэн хүмүүс гараасай гэсэн бодолтой байна.
-Шадар сайд У.Хүрэлсүх таныг сонгуулиар дэмжиж ажилласан уу?
-Мэдэхгүй, өөрөөс нь асуу.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.